Хүүхдийн тэтгэмжийг эцэг, эхийн орлогын 50 хувиар тогтоож, данснаас шууд суутгадаг болно

УИХ-ын эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуулийн төслийг өргөн барьж, мэдээлэл хийлээ. 1973 онд анх батлагдсан Гэр бүлийн тухай хууль 1999 онд шинэчлэгджээ. Үүнээс хойш бусад хуулиудыг даган нийтдээ долоон удаа өөрчлөлт орсон байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “УИХ-ын эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуулийг 23 жилийн дараа өөрчлөхөөр төсөл өргөн барьж байна. Бидний оруулж буй хамгийн гол өөрчлөлт нь хүүхэдтэй холбоотой асуудал. Гэр бүл салалтаас хүүхэд хамгийн их хохирдог. Манай улсад жилд 3391 гэр бүл салж, сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Нэг гэр бүл дундажаар хоёр хүүхэдтэй гэхэд жил бүр 7000 хүүхдийн асуудал хөндөгддөг. Гэтэл хүүхдийн тэтгэмжийн хэмжээ, төлөлт хангалтгүй байдаг.
Одоогийн хуулиар 11 хүртэлх насны хүүхдэд амьдралын баталгаажих түвшний 50 хувиар, 11-ээс дээш насны хүүхдэд амьдралын баталгаажих доод түвшнээр тэтгэмж тогтоодог. ҮСХ-ны даргын тогтоосон амьдралын баталгаажих түвшингээр тооцохоор 11 нас хүрээгүй хүүхдэд сард 115 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Өнөөгийн нийгэмд энэ мөнгөөр хүүхдийн хооллож, боловсрол эзэмшүүлэх ямар ч боломжгүй.
Тиймээс хүүхдийн тэтгэмжийг эцэг, эхийн орлоготой нь уялдуулж, орлогынх нь 50-иас доошгүй хувиар тогтоохоор хуулийн төсөлд тусгалаа. Мөн хүүхэд хүнд өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд шинжээч ажиллуулж, зардлыг тэтгэмж төлөгчөөр төлүүлэхээр зохицуулж байна” гэсэн мэдээллийг өглөө.
ҮСХ-ны мэдээллээр гэр бүлээ цуцлуулж, хүүхдэд тэтгэмж тогтоолгосон хүмүүсийн 20 хувь нь тэтгэмжээ төлдөг байна. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй, хуримтлагджээ. Тиймээс тогтоосон тэтгэмжийг эцэг, эхийн данснаас шууд суутгаж авдаг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуулийн заалтыг чангалснаар хүүхдийн эрх ашгийг хамгаалахаас гадна гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна. Энэ тухай тэрбээр “Хүмүүс гэрлэхээсээ өмнө хариуцлагаа ухамсарлах ёстой. Гэрлэлтээ цуцлуулбал ийм хариуцлага үүрнэ гэдгээ ухамсарлавал гэр бүл салалт багасна" гэсэн байр суурийг илэрхийлэв.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ