Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн тэсэн ядан хүлээсэн өдөр
2022-05-31

Чойжин ламын сүм музейд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “МУЗЕЙ БА ХҮҮХДҮҮД” өдөрлөг боллоо. Тус өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлтэй 150 гаруй хүүхдүүдэд түүх соёлын өвийг хүргэх, аюулгүй орчинд тоглож наадах, дуу хуур, баяр хөөрөөр дүүрэн баярлах боломжийг бүрэн бүрдүүлжээ.

 

 

Тусгай олимпын хорооны спортын мэргэжилтнүүдийн тусламж, заавраар хонхот хөл бөмбөг, заалны хоккей, боче зэрэг спортын арга хэмжээ бүх хүүхэд болон эцэг эхчүүдэд нээлттэй зохион байгуулагдав. Үүнээс гадна Дауны холбооны элч дуучин “Wasabies” хамтлаг, “Монголоороо” ТББ-ийг төлөөлөн дуучин Г.Эрдэнэчимэг, охин Ж. Өдрийнцолмонгийн хамт хүүхдүүдийн баяр дээр баяр нэмэн урлагийн тоглолт үзүүлсэн бол “Монгол циркус” энтертайментийн уран бүтээлчид гайхалтай үзүүлбэрээр бэлэг барилаа.

 

Хүүхдүүдийг баярлуулахад Монголын Дауны холбоо, Гэрэлт төв, Монголын тусгай олимпын холбоо зэрэг 18 орчим байгууллагын 300 гаруй ажилчин сайн дураараа оролцов.

 

 

Тус өдөрлөгийг хамтран зохион байгуулагчидтай цөөн хором ярилцлаа.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий хөгжлийн газрын дарга Э.Тамир: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар болон Чойжин ламын сүм музей, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хамтран жил бүр хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулдаг. Өнгөрсөн хоёр жил цар тахал гарсантай холбогдуулан зохион байгуулах боломж нөхцөл бүрдээгүй. Энэ жил зохион байгуулж, эцэг эхчүүд болон хүүхдүүд баярлаж байгааг харахад тун сайхан байна.

 

- Өдөрлөгийг “Чойжин ламын сүм музей”-д зохион байгуулж байгаагийн гол шалтгаан юу вэ?

 

- Нэн түрүүнд хүүхдүүдийн аюулгүй орчин. Мэдээж тусгай хэрэгцээт хүүхдүүд маань ямар нэгэн арга хэмжээнд оролцох, өдөр тутмын амьдралдаа үргэлж аав, ээж ямар нэгэн асран хамгаалагчийн тусламжтайгаар оролцдог. Тиймээс бид эцэг эхчүүд, хүүхдүүд аль аль нь санаа зовох зүйлгүй тайван орчинд баярлаасай гэж хүссэн учраас энэ газартай хамтарсан.

 

Энэ өдөрлөг маань спорт тэмцээн, урлагийн тоглолт, зураг зурах хэсэг гэх мэтчилэн сонирхолтой, баялаг байдлаар зохиогдож байна. Эдгээр үйл ажиллагаануудыг хамтран ажиллагч байгууллагууд өөр өөрсдийн онцлогт суурилан явуулж байгаа. Жишээлбэл Тусгай олимпын хорооны хамт олон энэ хүүхдүүдийн онцлогт тохирсон боче, харааны бэрхшээлтэй хүүхдүүд тоглож болох хонхот хөл бөмбөг, заалны хоккей гэсэн тоглоомуудаа авчраад задгай талбайд эцэг эхчүүд, хүүхдүүдэд нээлттэй үйлчилж байна.

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны гишүүн Э.Батжаргал: “Манай хүүхдийг Б.Амарболд гэдэг, 18 настай. Дауны синдром гэсэн өвчтэй. Хүүхэд маань төрсөн цагаасаа байнгын хараа, хяналт арчилгаа шаардлагатай байсан учраас бүх хүсэл мөрөөдлөө орхин хүүхдээ асардаг жирийн нэг ээж байна.

 

-Өнөөдрийн арга хэмжээ хэр хүртээмжтэй байна, та бүхний сэтгэлд нийцсэн болов уу?

 

- Юун түрүүнд хүүхэдтэйгээ хамт ийм сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа их баяртай байна.  Өмнө нь олон нийтийн газраар хүүхдээ дагуулаад баярлахад хүндрэлтэй байдаг учраас зөвхөн гэр бүлийн хүрээнд гэртээ тэмдэглэдэг байсан. Энэ жил анх удаа ийм тайван орчинд санаа зовох зүйлгүй баярлаж үзэж байна.

 

- Төрөл бүрийн тоглоом, зураг зурах, урлагийн тоглолт гээд өнөөдрийн хөтөлбөр баялаг байна. Танд болон хүүхдэд нь эдгээрээс аль нь илүү таалагдаж байна?

 

- Хамгийн их таалагдаж байгаа нь Боче гэдэг тоглоом байна. Анх удаа хүүхэдтэйгээ хамт тоглож үзлээ, хэн хэнд маань мартагдахааргүй хөгжилтэй дурсамж үлдээлээ.

 

- Энэ өдөрлөг зөвхөн хүүхдүүдийг баярлуулаад зогсохгүй аав ээжүүдэд ч дурсамж үлдээх  нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнийг ээж аавууд хэрхэн хүлээж авч байгаа бол?

 

- Мэдээж ээж, аавууд маш их баяртай байгаа. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн аав эсвэл ээж бүх амьдралаа үр хүүхдээ боловсрол эзэмших, нийгэмд оролцоход нь үргэлж хамт байдаг. Тиймдээ ч өөрийн хүсэл мөрөөдөл ажил гээд бүх зүйлээ орхин гэртээ эсвэл эмнэлэг гэсэн газруудад ихэнх цагаа өнгөрөөдөг. Энэ үйл ажиллагааны урилгыг аваад хоног тоолон хүлээсэн эцэг эхчүүд олон байгаа.

 

 

Дауны холбооны элч дуучин “Wasabies3 хамтлагийн ахлагч Э.Буяндулам: Бид энэ арга хэмжээний урилгыг маш уриалагхан хүлээж авсан. Манай хамтлагийн охид ялангуяа хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнүүдэд оролцох сонирхолтой, түүндээ дуртай байдаг.

 

- Хамтлагийн гишүүд бүгд хүүхдүүдтэй тоглож байгаа харагдсан?

 

- Ийм гоё хайр, гэрэл цацарсан үйл ажиллагаанд оролцож байгаадаа маш их баяртай байгаагаа нийт хамтлагийнхнаа төлөөлөөд илэрхийлмээр байна. Хүүхдүүд биднийг хараад тань шиг хүн болно гэхэд үнэхээр сайхан санагддаг. Эдгээр бяцхан зүрхнүүдтэй нэг өдрийг тоглож, инээж, хамт дуулж ,бүжиглэж өнгөрөөж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. Мөн энэ хүүхдүүдийн элч дуучин болж ажиллаж байгаадаа үргэлж баяртай байдаг.

 

- “Wasabies” хамтлаг хэзээнээс “Дауны холбоо”-ны элч дуучин болсон бэ?

 

- Хамгийн анх 2019 онд тодорхой заасан хугацаагүйгээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан. Түүнээс хойш Дауны холбооноос зохион байгуулж буй бүх арга хэмжээнүүдэд тасралтгүй хамтарч оролцож байна. 

 

Манай хамтлаг “Монголын Дауны холбоо”-той хамтран “Wasabies” хамтлагийн охидын амьдрал дээр тулгуурлан хүүхэд залуучууддаа, мөн холбооныхоо хүүхдүүдэд урам зориг өгөх зорилготойгоор зурагт ном хийж, хэвлэлтийн шатандаа явж байна. Удахгүй хүүхдүүдэд маань хүрэх болно.

 

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин