“Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наадмаа авч үлдье” сэдвээр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны төлөөлөл “Засгийн газрын "Үндэсний их баяр наадмын тухай" хуулийг өргөн барих тогтоол байдаг. Үүний дагуу 2019 оноос хойш Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэлэлцүүлэг, төсөл боловсруулалт явагдсаар байгаад энэ хаврын чуулганаар өргөн барьж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь баталлаа. Тухайн хуулийг өргөн барих ажлын хэсгийг Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж ажилласан. Ингэхдээ Үндсэн хуулийн хоёр заалтыг ноцтойгоор зөрчиж, хуулийн төсөл өргөн барьсан гэж үзэж байна.
Үндсэн хуулийн “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна. Соёлын өв төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.
Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулбал эрлийз морьдын уралдаан болно. Сүүлийн хэдэн жил сэрвээний өндөр хэмжсэн олон наадам зохион байгуулсан.
Өнөөдөр 210 мянга гаруй малчин өрх, 120 мянга гаруй уяачдын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа монгол адуутай, монгол малчин уяачдын эрх ашиг зөрчигдөж байгаа хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгааг эсэргүүцэж байна.
...Монгол Улсын Засгийн газар Монгол наадмын үндсэн утга, мөн чанарыг алдагдуулах хуулийн төслийг өргөн барьж байгаад харамсаж байна. Манай холбооноос өнгөрсөн хугацаанд олон удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай уулзах санал хүсэлтээ удаа дараа өгсөн. Гэвч биднийг хүлээж аваагүй.
Тиймээс Монгол наадмаа хүндэтгэдэг, монголын хөдөөг эзэнтэй байлгаж байгаа нийт малчид, уяачдадаа 2022 оны зургаадугаар сарын 06-нд Сүхбаатарын талбайд морьтой тайван жагсаал хийнэ гэдгээ албан ёсоор зарлаж байна. Та бүхнийг энэхүү жагсаалд оролцохыг уриалж байна" гэж мэдээллээ.
Г.Мичидмаа
Уншиж байна |