Л.Оюун-Эрдэнэ: Улсын нийслэлтэй дүйцэх шинэ хотуудыг байгуулна

“Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” урт хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад гардуулан өгч байна.
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан "Хот хөдөөгийн сэргэлт" зорилтын хүрээнд Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус сумын иргэдэд танилцуулж, орон нутгийн удирдлагуудад гардуулан өглөө. Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо аймагтаа дээгүүрт ордог тус суманд "Оюутолгой" компани үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус компани Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөний эхний 5 жилийн санхүүжилтэд зориулж 50 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн санамж бичгийг байгууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Одоогоос дөрвөн сарын өмнө Оюутолгойн гүний уурхайн эхний тэсэлгээг хийх түүхэн мөчид хөрөнгө оруулагчдын хамт Ханбогд суманд ирж байсныг та бүхэн санаж байгаа биз. Өнөөдөр Ханбогд сумыг орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр дахин ирж байгаадаа туйлын баяртай байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын "Хот хөдөөгийн сэргэлт" зорилтын хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгийг улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлээд байна. Энэ ажлыг өнөөдөр эхлүүлж Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой төслөөс ирэх таван жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулах түүхэн мөчийн гэрч болохоор бид энд цуглараад байна.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд өөрийн эдийн засгийг бие даан бүрдүүлж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаа аймаг орон нутгийг Засгийн газраас онцгойлон дэмжиж, ажиллах болно. Ханбогд сумыг жишиг хот болгон хөгжүүлэх өнөөдрийн хөрөнгө оруулалт Өмнөговьд шинэ хот сүндэрлүүлэх, шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын эхлэл юм. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Харамсалтай нь бид нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл хотод нийт хүн амын 50-аас дээш хувь амьдарч байна. Тиймээс улсын нийслэлтэйгээ дүйцэх хэмжээний шинэ хотуудыг байгуулах болно" гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ