Удахгүй болох “Эх үрсийн баяраар” ханхүү, гүнжээ хэрхэн баярлуулах аргаа олохгүй байна уу? Гадуур зохиогдож байгаа арга хэмжээнүүдэд очихоор төлөвлөсөн ч арай шинэлэг өвөрмөц байдлыг эрэлхийлж байна уу? Тэгвэл бид энэ асуудлыг шийдэж болохуйц 10 санааг бэлтгэлээ.
Хамтдаа баярын хоолоо хийж, шинэ амттан турших
Баярын хоолоо зөвхөн туршлагатай нэгэндээ даатгаж уламжлал болсон хэв маягаас салахыг зөвлөж байна. Учир нь хүүхдүүд хоол эсвэл амттанаа өөрийн гараар хийх нь тэдэнд илүү баяр баясал бэлэглэдэг гэдгийг мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. Тэгэхээр баярын хоолны цэс, хийх аргаа сонгох гэж байгаа бол бяцхан үрстэйгээ зөвлөлдөн, санаа бодлыг нь сонсвол илүү өвөрмөц гайхалтай шийдэл гарч ирж болох юм. Хамтдаа гаргасан цэснийхээ дагуу асгачихна, бохирдуулна гэж төвөгшөөлгүй туршаад үзээрэй. Үүнээс хүүхэд тань шинэ зүйл сурч шинэ мэдрэмжийг авах болно. Магадгүй шинэ хобби болох ч юм билүү.
Хийж болох хоол, амттан зэрэг нь таны хүүхдийн дуртай, эсвэл хийж үзэхийг хүсдэг байсан зүйлс байвал тохиромжтой. Жишээ нь пицца, тараг,иогурт ашиглан зайрмаг хийх, бялуу хийх зэрэг сонирхолтой цэс үүсгэх боломжтой.
Дугуйтай аялал хийх
Төлөвлөлт арга хэмжээнд очихоос өөрөөр салхинд гарахыг илүүд үздэг гэр бүл олон. Тэгвэл салхинд гарах эсвэл зусланруугаа очихдоо маршрут зохион ойролцоох газраас дугуйтай аялал хийх шинэ санааг танд санал болгоё. Ингэхдээ замд таарах горхи, уулын бэлд саатах өртөө зохиож болох юм. Ингэснээр машинтай аялахаас илүү байгальд ойр, сонирхолтой аялал болохоос гадна эрүүл мэндэд ч тустай тун ч сонирхолтой аялал, бас амралт болох болно.
Шинэ туршилт
Агаар салхинд гарах, эсвэл гэртээ баяр төлөвлөсөн бол амтат хоолны ардаас хийж болох сонирхолтой туршилтуудыг санал болгоё.
Нууц илгээмж: Нимбэгийн шүүс ашиглан кинонд гардаг шиг нууц илгээмж, сэтгэлийн үг бичсэн илгээмж солилцох боломжтой. Үүнийг хийхэд үнэхээр хялбар бас сонирхолтой байх болно.
Танд ердөө нимбэгийн шүүс, чихний хөвөн, цагаан цаас болон үсний сэнс л байхад хангалттай. Нимбэгийн шүүсэнд хөвөнгөө дүрээд цаасан дээр бие биендээ сэтгэлийн үгээ бичих, баярын ил захидал бичнэ. Цаас хатах үед бичиг алга болно. Бичгээ дахин харахын тулд цаасаа үсний сэнсээр халаана. Ингээд гэр бүлийн гишүүдийн бие биендээ хэлэх нандин үгс эзэндээ хүрэх юм.
Дүрд хувирах
Сүүлийн жилүүдэд косплей буюу дүрд хувирах зохиомол байдлаар хувцаслах үзэгдэл манай улсын залуучуудын дунд идэвхтэй хөгжиж байна. Үүнийг дагаад өсвөр насны, бага насны хүүхдүүд өөрийн дуртай хүүхэлдэй, киноны гол дүрийн баатрын дүрд хувирах хүсэлтэй байдаг. Тэгвэл танай гэр бүл баярын өдрийг яаж ч төлөвлөсөн бай гэр бүлийн гишүүн бүр дүрд хувирна. Энэ нь таны хүүхдийн сэтгэн бодох чадвар болон төсөөллийн чадварыг илүү дэмжих болно.
Усаар байлдах
Мэдээж урин дулаан үед усаар байлдаж тоглох нь хүүхдүүдийн хувьд зуны хамгийн зугаатай үе байдаг. Хүүхдүүд аав, ээж, гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хамт хийсэн зүйлс нь илүү зугаатай, сонирхолтой дурсамж бүтээдэг байна. Тэгэхээр та бяцхан гүнж, хан хүүдээ шинэ дурсамж бүтээж өгөхийн тулд усан буу, эсвэл бөмбөлөг авахад л хангалттай. Дэлгүүрээс худалдаж авсан бөмбөлгөө усаар дүүргээд хүүхдийн баярын зугаатай “Game day” эхэлнэ.
Хамтдаа дуулах
Зөөврийн бяцхан караоке бий болгож гэр бүлийн урлагийн тэмцээн, хамтарсан мини тоглолт зохион байгуулж болно. Энэ нь жил бүр уламжлал болон тогтож болох сонирхолтой гэр бүлийн арга хэмжээ юм. Маш боломжийн үнээр зөөврийн өсгөгч мини микрофон авснаар та гэр бүлийн урлагийн тоглолтыг хийх боломжтой. Мөн дээрээс нь хүүхдийнхээ дуртай дууг хамт дуулах, бичлэг хийн хадгалж үлдээх гэх зэргээр хүүхдийнхээ, гэр бүлийнхээ нандин мөчийг хадгалж болох юм.
Тодорхой мөнгө төсөвлөн хүнс цуглуулах
Агаар салхинд гарах, ойрхон аялал төлөвлөсөн бол мэдээж хүнсээ базаах шаардлага гарах болно. Энэ үед та хүүхдэдээ тодорхой хэмжээний мөнгө төсөвлөн хүнсээ цуглуулах даалгавар өгч болно. Жишээ нь хүүхдэдээ 50 000 төгрөг өгөөд аяллын турш идэх хоол хүнсээ базаах боломж өгөх. Энэ байдлыг цаашдаа ч хэвшүүлж болох юм. Ингэснээр таны хүүхэд санхүүгийн сахилга баттай болж хувийн зохион байгуулалт өндөртэй болох юм. Үүнээс гадна гэр бүлдээ эзлэх байр суурь чухал, том хүн болсон гэдгээ ойлгож хариуцлагатай байдал нэмэгддэг ажээ.
Уран зураг зурах
Хүүхдийнхээ насны онцлогт тохируулан кодоор будах зураг худалдаж авснаар урлагт ойр, гайхалтай дурсамж бүхий хүүхдийн баярыг бүтээх боломжтой. Байгалийн сайханд зураг зурах мэдрэмжийг хүн бүр гайхалтай байдлаар төсөөлдөг. Гэвч төлөвлөж хийдэг хүн нь ховор. Тэгвэл та тэр гайхалтай мэдрэмжийг хайртай бяцхан үрстэйгээ хамт авах боломжтой. Ингэснээр хүүхдийнхээ шинэ хоббиг нээж өгөх, урлагийн шинэ мэдрэмжийг өгөх сайхан боломж юм.
Мөрөөдлөө булах
Хүүхэдтэйгээ ярилцаад дараагийн нэг жилийн хамтын төлөвлөгөө гарган зуслангийн байшин, салхинд гарсан газрын ойр орчмын хөрсөнд нууж, булна. Мэдээж таних тэмдэгтэй, жилийн дараа олохуйц газар нуух хэрэгтэй. Дараагийн хүүхдийн баяр хүртэл төлөвлөгөөндөө хүрэх зорилт тавиад жилийн дараа дүгнэлтээ хийж нууцаа задлах цаг ирнэ.
Майхантай аялал
Гэрээсээ хол аялал төлөвлөсөн бол байшин, буудал гэлгүй майхантай аялал хийхийг зөвлөж байна. Урин дулааны улиралд энэ нь байгальтай ойр байх төгс амралт болох болно. Хөгжөөнт тоглоом, нууц захидал,дүрд хувирах гэх мэтчилэн сонирхолтой өдрийг өнгөрөөсний дараа оройн тойрог хийж мартагдашгүй баярын өдрийг дуусгаж болно. Майхандаа зөөврийн гэрэл эсвэл лааны гэрэлд оройн тойрог хийж дуу дуулан, гэр бүлийн дурсамжаа ярилцаж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж болно. Мөн аав ээжүүдийн хүүхэд насны дурсамж ч мөн тэр агшинд эргэн дурсагдах болов уу.
Б.Намуунзаяа
Уншиж байна |