Давсаа айлаас гуйх биш авдраасаа гаргах боломж байна
Нэгэн цагт Монгол Улс давсны үйлдвэртэй байжээ. Өөрсдөө давсаа олборлож, хэрэглэхэд бэлэн болгодог байсан гэсэн үг. Товчхондоо айлаас давсаа гуйдаггүй байв. харин одоо монголчууд хүнсний давсныхаа 97 хувийг гадаадаас худалдан авч байна. Ерөнхийлөгчийн хэлснээр давсаа хүртэл айлаас гуйж буй.
Тэгвэл бидэнд айлаас давсаа гуйхгүй байх боломж байна. Айлаас эрэхээр авдраа уудалцгаая.
Монгол Улс цагаан, ягаан болон жамц давсны томоохон ордуудтай. Дорнод аймгийн Сангийн далай, Увс аймгийн Давст уул, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд гол давсны ордтой. Монголчуудын хэрэглээг хангаад зогсохгүй экспортлох боломжтой эх орны баялаг бидэнд бэлээхэн байгаа гэсэн үг.
Харамсалтай нь энэ ордуудаас зөвхөн нутгийн иргэдийн багахан хувь нь хэрэглээгээ хангадаг. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд голын давсны орд. Нэгэн цагт энэ ордыг түшиглэсэн давсны үйлдвэртэй байжээ. Тус үйлдвэр 1958-1962 он хүртэл идэвхтэй ажиллаж, өндөр чанарын цагаан давс үйлдвэрлэж байсан аж. Гэтэл байгаль орчин сүйтгэсэн гэх шалтгаанаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосноор түүх болон үлдэж. Одоо нутгийн цөөн иргэд тус ордоос давс олборлож, амьжиргаагаа залгуулж байна.
Дунд голын давсны артель (хоршоо) 50-70 насны 10 гаруй хүний нэгдэл. Тэд тус орд газрын 1 км 200 метрийн урттай, 900 метрийн өргөнтэй талбайгаас давс олборлодог байна.
Бид давсны ордын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Гурвантэс сумын "Баясах" баг, Дунд голын уугуул иргэн, давсны артельд 30 жил ажиллаж буй М.Хуягтай хэдэн хором ярилцлаа.
-Танай артель жилд ямар хэмжээний давс олборлодог вэ?
-Дандаа нэг үеийн хэдэн хөгшчүүд дассан, сурсан ажлаа өөрсдийн дураар, тааваараа хийдэг. Яарч тэвдэлгүй ажиллахад нэг жилд дунджаар 4-5 тонн давс торох зүйлгүй гаргаж авдаг.
-Давсаа хэзээ олборлодог вэ, жилийн дөрвөн улиралд олборлох боломжтой юу?
-Давсны гарц өвлийн ид хүйтнээс бусад аль ч үед хэвийн байдаг. Бид дөрөвдүгээр сараас эхлээд намрын адаг сар хүртэл давсаа олборлодог.
-Олборлосон давсаа хаана, яаж борлуулдаг вэ? Нутгийн иргэд байгалийн давсаа хэрэглэдэг үү?
-Нутгийн хүмүүс төдийлөн авдаггүй. Ихэнх нь дэлгүүрийн цагаан давс хэрэглэдэг. Бид давсаа тээврийн жолооч нарт тонн, тонноор нь зардаг. Нэг тонн давсаа 110-140 төгрөгөөр худалддаг.
-Энэ орд газарт давсны үйлдвэртэй байсан. Давсны үйлдвэрийг дахин байгуулж, ажиллах боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Химийн олон орц найрлагатай, үнэтэй давсаас хамаагүй илүү үнэ цэнтэй байгалийн баялаг бидэнд байна. Үүнийгээ хөсөр хаях нь амны хишгээ нулимсантай л адил.
-Орон нутгийн удирдлагадаа дахин үйлдвэр барьж, энэ артелиа сэргээе гэж санал хүргэж байв уу?
-Үгүй ээ. Дотроо бодож, хоорондоо ярихаас хэтэрч үзээгүй. Ажилчид нь гэж хэдхэн хөгшчүүд байхад, яаж ч хэлэхэв дээ.
-Төр засгийн дэмжлэгээр үйлдвэр байгуулвал байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр нутгийн иргэдээ хангах нөөц байгаа бололтой?
-Үнэхээр дэмжиж тусалдаг бол юун аймаг, Өмнөговийн хэрэглээг давах хэмжээний давс олборлох боломжтой. Бусад аймаг, хотын иргэдийн давсны хэрэглээг хангах бүрэн боломжтой. Гэвч манай улс байсан бүхнээ сүйтгэж, үнэгүйдүүлж орхичихоод оргүй хоосон зүйлийг бий болгох гэж их ч хөрөнгө дэмий урсгах юм даа.
Бидний яриа энд хүрээд өндөрлөв. Тус орд газарт ажиллаж дассан хэдэн өндөр настан өөрсдийн дураар ажилладаг гэнэ. Нутгийн залуус тийш тоож ч хардаггүй, төв суурин газар бараадаад явдгийг тэд хэлж байна. Тэнд ажиллах нь бүү хэл тэдний олборлоод гаргасан байгалийн давсын ч нутгийнхан хэрэглэдэг гэнэ.
Хаана, хэрхэн үйлдвэрлэсэн, ямар орц найрлагатай нь үл мэдэгдэх импортын бүтээгдэхүүнийг хэт шүтсэний горыг бид хангалттай амссан, амсаж ч байгаа. Гэтэл эх орны хөрсөн дор байгалийн цэвэр бүтээгдэхүүн бэлээхэн байна. Багахан сэтгэл, хүч, хөрөнгө гаргахад л бид эх орны баялгаа бүтээгдэхүүн болгон хэрэглэх боломж байна.
Ерөнхийлөгчийн хэлдгээр “Алийн болгон давсаа хүртэл айлаас гуйж амьдрахав дээ”.
Б.Намуунзаяа
Уншиж байна |