Б.Энхбаяр: Төсвийн хулгай Төсвийн байнгын хороонд байна
УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Бидний баталсан хууль хулгай хийхээс сэргийлэх ёстой. Төсвийг тойрсон хулгайн том схем УИХ дотор байна. Бид 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ УИХ дураараа төсвийн зарлага нэмдэг байдлыг таслан зогсоож, Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэмжээнд баталдаг болсон. Төсөв барилга, байшин барьж мөнгө угаалт руу орохгүй, сайхан боллоо гэж их л өөдрөг байсан. Засгийн газраас өргөн барьсан төсвийг Төсвийн байнгын хороо нааш нь, цааш нь болгодог юм байна. УИХ-ын гишүүд Төсвийн байнгын хорооноос их хамааралтай. Бараг тэр хүний улс төрийн хувь заяа, дахин сонгогдох эсэхийг Төсвийн байнгын хороо баздаг. Хадаг барьж ирүүлж, гуйлгадаг. Царай хардаг, гишүүдийг ялгаж, төсвийг нь ихэсгэж, багасгадаг.
Би хоёр жилийн хугацаанд нэг л төсөв ярьж яваа. 30 мянган хүнтэй 26 дугаар хороонд нэг сургууль барья гэсэн төсөв ярьж байгаа. 2022 оны төсөвт 5 тэрбум төгрөг суулгасан. Тэрийг хэмнэлтийн бодлогоор 1.4 тэрбумыг нь хассан. Улсаараа хэмнэж байгаа гээд их л хүлээцтэй байсан. Гэтэл бусад гишүүдийн тойрог дээр нэмчихсэн. Сарын өмнө хийсэн тодотголоор Увс аймаг дээр нэмсэн байна. Манай Баянзүрх дүүрэг дээр “Шинэ хөдөө” төсөл гээд нэмчихсэн байна. Улаанбаатар хотын хамгийн хотожсон дүүрэг дээр Шинэ хөдөө төсөл хэрэгжүүлнэ гэнэ. Хэн хэрэгжүүлэх, юун хөдөө төсөл болов? Яасан, ийсэн гэхээр Төсвийн байнгын хорооны хэдэн хүн шийдсэн. Хаан уу, заан уу болчихсон. Төсвийн хулгай энд байна. Тиймээс УИХ энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Засгийн газар биш байнгын хороо бужигнуулж байна. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Төсөв яаж хэлэлцдэг, хэрхэн санал авдаг асуудал бүгд хуулийн дагуу явж байгаа. Тэнд хэн нэгэн хүн илүү эрх мэдэл эдэлж, шийдээд байдаг зүйл биш. Засгийн газрын оруулж ирсэн санал дээр гишүүд өөрийнхөө тойрогтой холбоотой асуудлаар бага сага хөдөлгөөн хийдэг. Үүнийг УИХ-ын гишүүд өөрсдөө хийдэг.
Ч.Хүрэлбаатар гэдэг хүнд дургүй байж болно. Гэхдээ УИХ, түүний бүтэц рүү нулимаад байх шаардлага байхгүй. Хэлж, ярьж байгаа үгэндээ хариуцлагатай байх ёстой шүү. Баянзүрих дүүрэг дээр Шинэ хөдөө гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа бол хэн нэгэн хүн санал гаргасан байгаа. Тэр эзнийг нь олоод тэр хүнтэйгээ ярь. Хаа хамаагүй хүмүүс рүү үсчээд байх шаардлагагүй шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ