Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслолыг, Монголын Үндэсний музейн задгай талбайд олон нийтэд нээлттэй зохион байгууллаа. ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Олон улсын музейн зөвлөлийн Монгол дахь Үндэсний хороо хамтран зохион байгуулж байгаа аж.
ОУМЗ 1946 онд байгуулагдсан бөгөөд ЮНЕСКО-ийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхий дахины байгаль, соёлын өв, соёлын биет, одоо, ирээдүй, биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, уламжлуулах, нийгэмд түгээн хүргэх үүрэг хүлээсэн музейн мэргэжилтнүүдийн олон улсын төрийн бус байгууллага бөгөөд өнөөгийн байдлаар 138 орны 44 686 музейн мэргэжилтнийг 118 үндэсний хороо, 32 олон улсын хороо нэгтгээд байна.
Олон Улсын музейн зөвлөл 1977 оноос эхлэн 40 гаруй жил “Олон Улсын музей өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 18-нд тодорхой сэдвийн хүрээнд дэлхий даяар зохион байгуулж байна.
Энэ жил олон улсын музейн өдрийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд дор дараах зорилго дэвшүүлэн тэмдэглэж байна. Үүнд,
Музейнүүдийн эерэг өөрчлөлтийг авчирдаг гэдгийг харуулах
Музейнүүд ба хүн амын бүлгийн харилцаа холбоог илүү ойр дотно болгоход дэмжлэг үзүүлэх
Хүмүүс хоорондын энх тайвныг цогцлоох хөдөлгүүр нь соёлын солилцоо хэмээн дэмжих
НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх
Мөн олон улсын музейн өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музей "Ухаант Цэцэнхүү" үндэсний бренд, танин мэдэхүйн үйл ажиллагааны хүрээнд " Ухаант Цэцэнхүү" хүүхдийн драмын нэг үзэгдэлт гурван бүлэгт жүжгийн нээлтийг олон нийтэд хүргэлээ. Жүжгийг 49 театрын дэргэдэх “Цоглог энтертаймент ТТБ”-ийн уран бүтээлч хүүхдүүд тоглож буй гэнэ.
Монголын Үндэсний музейн Боловсрол олон нийтийн хөтөлбөр маркетингийн албаны дарга Ц.Оюунхишиг “Дэлхийн 140 гаруй оронд музейн өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх музейнүүд үйл ажиллагаагаа сурталчилдаг. Музей нь тухайн ард түмний түүх өв соёлыг бүхлээр нь хадгалж, хамгаалж байдаг.
Мөн сүүлийн жилүүдэд музей нь хүүхдэд чиглэсэн танин мэдэхүйн ажлуудыг түлхүү хийдэг болсон. 2021 онд Соёлын бүтээлч үйлдвэрлэл сарын аяны хүрээнд “Ухаант Цэцэнхүү” үндэсний брэнд, танин мэдэхүйн үйл ажиллагааг эхлүүлсэн. Хүүхдүүдийн танин мэдэхүйн орон зайд Монгол өвийг оруулж ирэх зорилгоор ажлаа эхлүүлээд байна" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |