Ж.Чинбүрэн: Донорын насыг 21 болгосноор донорын олдоц нэмэгдэнэ

-250 хүн элэг шилжүүлэн суулгах, 350 хүн бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай донор хүлээж байна-
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа. Одоогийн мөрдөгдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг хангахгүй байгаа учраас өөрчилж буйг санаачлагч гишүүн хэллээ. Донорын хуулинд дараах өөрчлөлтийг хийхээр төсөлд тусгажээ.
1.Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах (Одоо мөрдөгдөж байгаа хуульд 25 нас гэж заасан)
2.Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болгох.
3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллах
4.Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх
5.Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах
6. Цусны болон эд эрхтний донорыг алдаршуулах, амьгүй донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Доноруудын эрх ашгийг хамгаалдаг байгууллагуудтай зөвлөлдөж, тэдний саналыг авч тусгасан уу? Дүрэм журам батлахад донор болон донорын гэр бүлийн гишүүдийн санал бодлыг хэрхэн тусгах вэ?
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Бид хуулийн хэлэлцүүлэг хийхдээ олон талын төлөөлөл оруулахыг хэлэлцсэн. Эд эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн төлөөллийг нэлээн сайн орсон. Тэд амьд донор болж байгаа хүмүүсийг урамшуулж, эрүүл мэндэд нь анхаарал тавьж өгөөч. Мөн өдөр бүр ууж байгаа эмийг хөнгөлттэй олгохыг хүсдэг. Гуравдугаарт амьгүй донорын асуудал яригдсан.
Цусны болон эд, эс эрхтний донорын хууль тусдаа байх ёстой. Манайд хамтдаа байдаг. Энэ хуулийг тусдаа болгох ажлын хэсэг ажиллаж байгаа.
Засгийн газрын гишүүдийн батлах ёстой ёсзүйн хороо эмнэлгүүдээс үл хамааран эд, эс эрхтэн суулгах ашиг сонирхлын зөрчилгүй явагдах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Монголын Улсын эрхтэн шилжүүлэн суулгах багийн амжилтыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн. Энэ багийг дэмжих үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Одоогийн хуулиар цусан төрлийн хамаатан донор болох боломжтой. Хуулийн төсөлд цусан төрлийн гэсэн нэр томъёотой зохицуулалт алга. Тэгэхээр хэн нэгэн сайн дурын үндсэн дээр донор болж болно гэсэн үг үү? Өөрөөр хэлбэл эрхтнээ үнэлэх зохицуулалтыг яаж хийх вэ?
Гадагш гарах валютын урсгалыг тогтоох боломж бий юу?
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Одоогийн хууль 25 нас, төрөл төрөгсөд донор болно гэж байгаа. Одоогийн эрхзүйн орчноор зөвхөн цусан төрлийн хамаатан (ах дүү, үр хүүхэд, хань) байх ёстой. Үүнийг иргэний бүртгэлийн байгууллагаар дамжуулан хуульч тогтоож, баталгаажуулдаг. Энэ нь эрхтний наймаанаас сэргийлж байгаа юм. Ашиг хонжооны төлөө эд эрхтнээ өгдөг биш цэвэр хайр энэрэл, хүний амь аврах гэсэн чин хүслээр эд өгдөг байх ёстой. Тэгэхгүй бол хагалгаа амжилттай болсны дараа эрхтэн авсан хүнийг дарамтлах эрсдэлтэй. Тиймээс хагалгаа хийдэг эмнэлгээс хол ёсзүйн хороог ЭМЯ-ны дэргэд байгуулах нь зөв.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Навчаа: 2021.09 сараас 2022 оны 03 сар хүртэлх 6 сарын хугацаанд гадагшаа явсан 26 гэр бүлийн өргөдлийн дагуу асуудлыг шийдсэн. Тухайн гэр бүлүүд 7.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэдний 3 нь чөмөг шилжүүлэн суулгасан, 11 нь элэг шилжүүлэн суулгасан. Тэдний гаргасан нийт зардлын 5 хувь буюу 371 сая төгрөг олгох шийдвэрийг энэ долоо хоногт гаргаж байна. Улсын төсөвт үүнд зарцуулахаар 500 сая төгрөг тусгасан. Энэ хууль батлагдаж, боломж нэмэгдсэнээр энэ урсгалыг багасгахад нэмэр болох байх.
Хууль шинэчлэгдсэнээр Монгол Улсын 21-25 насны харьцангуй эрүүл, нэгдүгээр бүлгийн 235 000 хүн донор болох боломж нээгдэнэ.
Гавьяат эмч О.Сэргэлэн: Эмнэлэг, эмнэлэг дээрээ залуучуудаа сургах чиглэлээр ажиллаж байна. Бид ЭХЭМҮТ-д элэг шилжүүлэн суулгаж, тэдний багийг сургаж байна. Баг шинэчлэх ажил гайгүй явагдаж байна.
Бусад орнуудад ЭМЯ-ны дэргэд, эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа багуудаас тусдаа, хараат бус тусгай ёсзүйн хороо байдаг. Энэ ёсзүйн хороо хууль хэрэгжиж байгаа эсэх, эрхтэн шилжүүлэх гэж байгаа хүн нэн шаардлагатай эсэхийг зохицуулдаг. Өнөөдөр энэ ажил эмнэлэг, эмнэлэг дээр зохицуулагддаг. Цаашдаа зүрх, уушги, нойр булчирхай зэрэг эрхтэн шилжүүлэн суулгагдаад ирэхээр ёсзүйн хороогүй бол ажиллахад түвэгтэй болно.
Гавьяат эмч Д.Нямсүрэн: Бөөр нөөцлөх хамгийн тохиромжтой цаг бол 12-16 цаг байдаг. Үүнээс илүү цаг хадгалвал эзэндээ цөөн жилийн нас өгнө. Тиймээс эрхтнийг шилжүүлэн авчрах түргэн унаа хэрэгтэй байна.
Бие, сэтгэцийн хувьд эрүүл, 18 нас хүрсэн хүн сайн дураараа донор болох боломжтойг бид байнга хэлэх хэрэгтэй. Заавал 21 нас гэхгүй, насанд хүрсэн учраас өөрөө шийдвэр гаргах боломжтой.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Донор хүлээх хооронд өвчтний биеийн байдал дордож, эмчилгээ авахгүй хэмжээнд хүрээд байгаа тухай гомдол их ирж байна. Донорын дараалал хэрхэн явагддаг вэ? Донор хүлээж байгаа хичнээн өвчтөн байгаа вэ?
УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй: Манайд тархины үхжилттэй донороос цусны дөрвөн бүлгийн нэг бүлэг дээр гэхэд 45-50 хүн хүлээж байна. Амьд донороос бол өнгөрсөн оны 03 дугаар сарын хүмүүс одоо орж байна. Өнгөрсөн онд 31, энэ он гарсаар өнөөдрийн байдлаар 16 хүнд эрхтэн шилжүүлээд байна. Эртхэн шилжүүлэн суулгаж байгаа тоо цөөн байгаа учраас хүлээгдэл урт байна. Хүлээгдэх хугацаанд хүндэрсэн хүмүүсийг эмнэлэгтээ авч, эмчилдэг.
Гавьяат эмч О.Сэргэлэн: Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай нь тогтоогдсон өвчинд 2-3 сарын дотор хагалгаа хийхгүй бол амь насанд нь эрсдэл учирдаг. Нэлээн их очертой байгаагийн гол үндсэн шалтгаан нь Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа харьцангуй хязгаарлагдмал, ор, хүний нөөцтэй холбоотой. УНТЭ дээр Эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулах асуудлыг яриад олон жил болж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Бид бүхий л боломжоороо хүмүүсээ авч байна.
Гавьяат эмч Д.Нямсүрэн: Донорын нас 21 болон багасч байгаа нь эрхтэн шилжүүлэн суулгах хүлээгдэл багасах нэг том боломж. Амьгүй донорын оршуулгын зардлыг нийгмийн халамжаас дааж байгаа нь хоёр дахь том боломж. Энэ хоёр том боломжийг нээгээд өгсөн цагт хүлээгдэл тодорхой хэмжээгээр багасна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Донорын насыг 21 болгосноор донорын олдоц нэмэгдэнэ. Мөн гадагшаа урсах валютын хэмжээг багасгана. Учир нь 20, 21 настай залуус аав ээждээ эрхтнээ өгч чадахгүй учраас гадаадад очиж хийлгэдэг.
Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авлаа. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэнээр Донорын хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ