Т.Доржхандын шаардлага ба Ж.Мөнхбатын хариулт

УИХ-ын гишүүн Т.Доржханд тогтолцооны өөрчлөлт хийхийг шаардаж, түүний саналыг дэмжсэн 100 мянган иргэний гарыг үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өгөөд буй. УИХ-ын дарга түүний санал, санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэн, Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулан хариу тайлбараа өгөхөө мэдэгдсэн юм. Энэ дагуу УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбаттай уулзлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Т.Доржханд гишүүн, иргэдийн таван шаардлага, таван саналтай шаардлагыг би хүлээж авсан. Та бүхний тавьсан таван шаардлагыг дэгийн дагуу УИХ-д оруулж ирвэл хэлэлцэх боломжтой асуудлууд байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга би “энэ асуудлыг хийнэ, үүнийг хийж чадахгүй” гэсэн амлалт өгөх боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлж, шаардлага бүрт хариулт өглөө.
1.Сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог тогтолцоог нээх шаардлагыг тавьсан.
- Бид энэ асуудлыг цаашид нээлттэй хэлэлцэх бүрэн боломжтой. УИХ-д Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн баригдаагүй байна. Хуулийн дагуу орж ирвэл хэлэлцэх боломж байна. МАН нийт сонгогчдын 40 хувийн санал авсан атлаа парламентад 80, 90 хувийн үнэмлэхүй олонх байгаа нь иргэдийн саналыг бүрэн төлөөлөх боломжгүй системээр сонгууль явагддаг шүүмжлэл бий.
2.Үндсэн хуулиар иргэдийн эвлэлдэн нэгдэхийг эрхийг ноцтой зөрчсөн байна. Шинээр улс төрийн нам байгуулахад нийт сонгогчдын 1 хувийн гарын үсгийг цуглуулах тухай заалтыг хөндсөн.
-Одоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд 800 хүний гарын үсгээр байгуулагдсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 23 000 хүний гарын үсэг цуглуулж байж, шинэ нам байгуулах нь өндөр босготой байна гэдгийг та бүхэн хөндсөн байна. Үүнийг нягталж үзнэ. Улс төрийн олон нам ярьж байгаа.
3.Эдийн засгийн тулгуур төв, хотуудыг байгуулах боломж бүрдүүлэх шаардлага тавьсан.
-Эдийн засгийн, аялал жуулчлалын, хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн хотуудыг бий болгох боломж байгаа. Үүнийг нарийвчлан судлах боломжтой.
4.Засаг захиргааны нэгжүүдийг цөөлж, цомхон болгох шаардлага тавьсан.
-Энэ асуудлаар хамтран ажиллах боломжтой. Гэхдээ тухайн орон нутгийн ИТХ хуралдаад зөвшөөрсөн нөхцөлд зохион байгуулалт хийх эрхзүйн боломж үүснэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тоог бууруулах асуудлыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас илүүтэй Үндсэн хуулийн 57.3-д заасан журмын дагуу зохион байгуулах боломж нээлттэй байгаа.
5.Аливаа хотын даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн саналаар сонгодог болох саналыг тавьсан.
-Үүнийг УИХ хэлэлцээд явахад нээлттэй асуудал.
Мөн Төрийн байгуулалтын хорооны дарга Ж.Мөнхбат “Та бүхний саналыг олон талын оролцоотойгоор олон талаас нь нарийвчлан судална. Энэ бүх асуудал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд нийцэж байх ёстой. Монгол Улсын Үндсэн хууль бол нийгмийн гэрээний зөвшилцлийн баримт бичиг. Тиймээс зөвхөн ХҮН-ын дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асуудлыг шийдэхгүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, улст төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, дөрөв дэх засаглалыг оруулсан өргөн хүрээний зөвшилцлийн хүрээнд явагдах асуудал" хэмээн Үндсэн хуулийн өөрчлөлтийг шаардлага шахалтаар хийх боломжгүйг тайлбарлалаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ