“NoWAR”: Хүчирхийллийг өөгшүүлсэн, данхан толгойтой Засгийн газар огцрох ёстой
“NoWAR” иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн жагсаалын талаар мэдээлэл хийлээ.
“NoWAR” иргэдийн хөдөлгөөний төлөөлөл “Ялалтын баяр нь дэлхий даяар хүчирхийллийг эсэргүүцсэн, хүчирхийллийг ялан дийлсэн, дайны эсрэг дэлхий нийтээр дуу хоолойгоо нэгтгэсэн өдөр. Түүнээс биш ОХУ ямар нэгэн жижиг гүрнийг балбаж байгаа баяр биш. Монголчууд үүнийг сайн ойлгох хэрэгтэй. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд бас ойлгох ёстой. Дэлхий нийтээр хүчирхийллийг даван туулаад энх тайвныг цогцлоосон өдрийн баяр юм.
ОХУ-ын Элчин сайдын яам болон бусад газрууд хамтран дайныг дэмжсэн жагсаалыг өчигдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.Үнэхээр гомдмоор, гутармаар зүйл боллоо. “NoWAR” иргэдийн хөдөлгөөн энх тайвны төлөө жагсаж байгаа. Үүнийг харлуулах гэж байх шиг байна. Хараат бусаар энх тайвны төлөө жагсах ёстой. Энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөх ёстой. Ялангуяа Монгол Улс. Монгол Улс хоёр дарангуйлагч гүрний дунд цохилж буй эрх чөлөөний зүрх. Тиймээс бид илүү хүчтэй дуугарах ёстой. Өнөөдөр бид Сүхбаатарын талбай дээр 13.00 цагт “NoWAR” иргэдийн жагсаал зохион байгуулна. Энх тайвны мэдрэмжгүй, хүчирхийллийг өөгшүүлсэн, данхан толгойтой, данхар Засгийн газар огцрох ёстой. Өчигдөр Монгол Улсад гутамшигтай өдөр боллоо" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ