Урин дулаан цаг ирж цаанаа л нэг сэтгэл сэргэм өдрүүд эхэллээ. Завгүй ажил, амьдралын хэмнэлээс түр холдон хайрттайгаа хийх аминчхан болзоо, бяцхан үрстэйгээ хамт байх нандин мөчүүдийн сонирхолтой санааг энэ удаа шивнэж байна.
Ulaanbaatar zoo and aquarium
Монголын хамгийн том, хамгийн олон нэр төрлийн буюу 60 нэр төрлийн амьтантай зоо парк нь 2017 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Та өмнө нь харж байгаагүй олон амьтантай энд танилцах болно. Энд та гэр бүлээрээ өвөрмөц болзоо хийж, бяцхан үрсийхээ мэдлэгт ч хөрөнгө оруулах боломжтой. Мөн Улаанбаатар зоо парк нь анги хамт олны, найзуудын аялал зохион байгуулж, матар, тогос, орог зусаг, тарваганцар/ тимон/ могой гэх мэт өөр олон төрлийн амьтантай танилцаж болох хамгийн тохиромжтой газар байх болно.
‘’Ulaanbaatar zoo and aquarium’’-ын хаяг Алтай хотхоны замын эсрэг талд
Өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд том хүн – 10 000, хүүхэд – 4 000 төгрөгөөр үйлчилж байна.
Zoloarts
Өдрийг бүтээмжтэй, урлагтай ойр өнгөрүүлмээр байна уу? Тэгвэл танд дараах газрыг санал болгож байна. Тус газар нь уран зурагт сонирхолтой хэн бүхэнд нээлттэй. Мэргэжлийн зураачийн урланд хүрэлцэн ирж дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн мэдлэг, мэдрэмж авах боломжтой. Мөн та мэргэжлийн багш нараас зөвлөгөө аван, өөрийн гараар бүтээсэн уран зургаа болзоот хүндээ бэлэглэх, эсвэл хамтдаа нэг зураг зураад гэрээ чимэглэх боломжтой. Ингэснээр болзооны уур амьсгал гайхалтай сайхан байх болно гэдэгт итгэлтэй байна. Заавал гэр бүл хосууд гэлтгүй, найз нөхөд, хамт олноороо ч зураг зурангаа болзох хувийн өдөрлөг зохион байгуулах боломжтой гэнэ шүү.
Хаяг : I сургууль, Төлбөр: 40 000
MN gallery
Хайрттайгаа хамт намуухан болзоог төлөвлөж байгаа бол MN gallery-д шинэхэн тавигдсан Уран бүтээлч М.Цасчихэрын ‘’АНИР 2’’ гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэнг санал болгож байна. Их хотын шуугианаас эзэнгүй, амгалан арал шиг нам гүм, бүдэгхэн намуухан орчинд "Bose" Sound Shower-ээс эгц доош урсан эргэн тойрон жигд зөөлөн эгшиглэх хөгжмийн ая аялгуун дор эдгээр зургийг тольдох болно. Энд нүд, чих, оюун бодол, сэтгэл цөм баясна.
Хаяг : Чингэлтэй дүүрэг MN tower
Улаанбаатар тойрон аялал
Бид нийслэлдээ суурьшин амьдарч байгаа боловч олон зүйлсийн хажуугаар харалгүй, анзааралгүй өнгөрөөдөг. Тиймээс сонирхолтой маршрут зохиогоод хайрттайгаа, найз нөхдөөрөө, бяцхан үрстэйгээ аялаарай. Энэ болзооны давуу тал нь ямар нэг зүйлд баригдалгүй өөрийн дуртай хоолоо бэлдээд, өөрт ойр маршрутаар урин, дулаан цагийг ашиглан алхах. Ингэж явган аялах нь өмнө таны төдийлөн мэддэггүй, учрыг нь олдоггүй түүхийн, одоо цагийн олон сонирхолтой зүйлүүдийг олж нээн, мэдлэгтээ дусал нэмэх болно.
Бяцхан гүнжтэйгээ хийх болзоо
Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн гайхалтай дотоод ертөнцтэй байдаг. Тэр дундаа охидууд маань өөрсдийгөө яг л ээж, эгч шигээ залуу бүсгүйгээр төсөөлөх дуртай байдаг. Тэгвэл залуу бүсгүйтэйгээ өнгөрүүлж болох хөгжилтэй болзоог танд санал болгоё. Эмэгтэй хүн бүр эхэмсэг, өөрийн гэсэн гайхалтай ертөнцтэй байдаг. Мэдлэг, гоо сайхнаараа тухайн ертөнцөө хүчирхэгжүүлж байдаг. Тэгвэл та энэ болзоогоор бяцхан гүнждээ, магадгүй өсвөр насны охиндоо биеэ хэрхэн авч явах, гоо сайхандаа анхаарч, хамгийн гол нь өөртөө хайртай эмэгтэй байх эхний алхмуудыг тавьж өгч болох юм.
Хаяг : Зайсан, Гэрэлт хотхон, Le Beautique
Бэлтгэсэн Б.Намуунзаяа
Уншиж байна |