Монголбанкны эх үүсвэр саатсанаас ипотекийн зээл олголт удааширч байна
2022-05-04

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн асуудлаар Сангийн яам, БХБЯ, Монголбанк, МИК ХК, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж байна.

 

 

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Тус ажлын хэсэг БХБЯ-нд төвлөрч, санхүүгийн чиглэлийн санал дүгнэлтийг СЗХ, хууль эрхзүйн чиглэлийн дүгнэлт гаргах ажлын хэсгийг Шадар сайдын зөвлөх ахлан ажиллаж байна.

 

Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирал Д.Бадрал: 483 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Үүнээс 131 тэрбумыг Монголбанкны эх үүсвэрээр, өөрийн эх үүсвэрээс 100 тэрбумын зээл олгосон байна.

 

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч: 2021 оны байдлаар манай банк 315 тэрбум төгрөгийг 3679 харилцагчид олгосон байна. Ипотекийн зээлийн олголт хэвийн байна.

 

Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар: Ипотекийн зээлийг хэвийн олгож байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар 8.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүний 60 хувь нь Монголбанк, 40 хувь нь өөрийн эх үүсвэр байна. Очер дараалал тодорхой хэмжээнд үүссэн. Зээлийн төлөлтийг хойшлуулсантай холбогдуулан эх үүсвэр багассан.

 

Хаан банкны эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар: Манай банк 2021 онд ипотекийн хамгийн их зээл олгосон. Монголбанкнаас 116.8 тэрбум төгрөг авч, өөрийн 76.1 тэрбум гаргаж, 192.9 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ үед эх үүсвэр сайн байсан учраас очер дараалал нэлээн буурсан. Энэ он гараад эх үүсвэрийн хэмжээ буурсан. Одоогоор 33.4 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Очер дараалал нэмэгдэж, 8 сар судалж олгох хэмжээний дараалал үүсээд байна.

 

Богд банкны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол: Бид өнгөрсөн жил 157 зээлдэгчид 10.7 тэрбум төгрөг олгосон. Одоо 168 зээлдэгчид 10.9 тэрбум төгрөгийн зээлийг МИК-т худалдан борлуулахаар бэлдэж байна.

 

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр: Өнөөдрийн байдлаар 2552 зээлдэгчийн 185.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Зээлийн 60 хувийг Монголбанкны эх үүсвэр, 40 хувийг өөрсдийн эх үүсвэрээр олгосон. Материалын бүрдэлт шаардлага хангасан тохиолдолд зээлийг 21 хоногт шийдвэрлэж байна.

 

Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр: Өнгөрсөн онд 6.1 тэрбум төгрөгийн зээл олгосон. Одоо дөрвөн сарын зээл олголтын материал хүлээгдэж байна. Дарааллын дагуу олгоно.

 

Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Энэ онд дундажаар 4.5 тэрбум төгрөгийн олголт хийж байна. Яг одоо 105 тэрбум төгрөгийн багц МИК рүү шилжээгүй байна. Зээлийн судалгаа хийхэд хугацаа бага зарцуулдаг ч эх үүсвэр хүлээгдэж, олголт удааширч байна. Одоо гурван сарын хүлээлттэй явж байна.

 

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо: Барилгын салбарт бизнес эрхлэгчдийн 80 хувь нь ипотекийн зээл рүү чиглэж, 80 мкв-аас доош хэмжээтэй орон сууц барьдаг. Өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийн зээл гаргасан. Энэ жил 700 тэрбум төгрөг гаргаж, 10 мянган айлын орон сууцыг шийдэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар 2000 зээлдэгчийн зээлийг шийдсэн байна. Төлөвлөгөө ёсоор бол 4000 зээлдэгчийн зээлийг шийдсэн байх ёстой. Эх үүсвэр байхгүй учраас зээл олголт хүнд байна. Монголбанк 400 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах ёстой. Одоо 200 тэрбум төгрөг гарчихсан байх ёстой. Гэтэл өнөөдөр 90 орчим тэрбум төгрөгийг гаргасан байна. Асуудал энд байна.

 

Монголбанкны газрын захирал А.Энхжин: 2021 онд Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр нэг их наяд төгрөгийн зээлийг 13 мянган зээлдэгчид олгосон. Энэ он гарснаас хойш сар бүр 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж байна. Үүнд дээр банкууд 40 хувиа нэмээд зээл олгоод явах ёстой. Энэ гарснаас хойш 170 орчим тэрбум төгрөгийн зээл гараад байна. Үүний 60 орчим хувь нь Монголбанкны эх үүсвэр байгаа. Банкууд Монголбанкнаас хуваарилсан 30 тэрбум төгрөгийг бүрэн гүйцэд ашиглаагүй тохиолдол байна.  Манай хуваарилсан дүнгээр зээл олгогдож чадахгүй байна. Энэ нь ашиглалтад орж буй байрууд гэрчилгээгээ авахгүй удсан зэрэг шалтгаантай байгаа.

 

Энэ онд 700 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байна. Бид барилгын салбар руу эх үүсвэр их гаргах тусам импортын хэмжээ нэмэгдэж, ханшид ирэх дарамт өндөр болно. Үүнд болгоомжилж байна.

 

МИК ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Үнэт цаасжуулах ажил холбогдох хууль болон СЗХ-ноос гаргасан журмын дагуу хийгдэж байгаа. Банкуудаас зээл цуглуулж авах, багцлах ажилд хоёр сар шаардлагатай. Дээр нь хууль, санхүүгийн хөндлөнгийн шинжилгээ хийлгэхэд сар орчим зарцууллагддаг. СЗХ-нд танилцуулахад дундажаар сар орчим зарцуулж, шийдвэр гарсны дараа банкуудтай гэрээ байгуулж, дахиж нягтлахад 14 хоног зарцуулагддаг. Бидний зүгээс хурдан багцлахыг зорьдог.

 

МИК зээлийн багц авч байгаа ажлаас хамаарч иргэдийн зээл хойшлох асуудал байхгүй. Ипотекийн зээл олгох нь иргэн, банкны хоорондын харилцаа учраас МИК-ийн оролцоо огт байхгүй.

 

МИК банкуудад байгаа орон сууцны зээлийг худалдан авч, түүнийг нь ипотекийн зээлээр баталгаажсан бонд болгон үнэт цаасжуулж байгаа. Монголбанк арилжааны банкуудад нэг жилийн хугацаатай эх үүсвэр олгодог. Арилжааны банкууд иргэдэд 10, 20 жилээр зээл олгодог. Арилжааны банкууд авсан эх үүсвэрээ нэг жилийн дотор буцаан төлж чадахгүй нөхцөл байдал үнэт цаас буцаан төлөх боломжийг нээж өгдөг.

 

Банкны системд өнөөдөр 5.8 их наяд төгрөгийн ипотекийн зээл байна. Дөрвөн зээл тутмын 1 нь ипотекийн зээл байна.  Үүний 4.6 их наяд төгрөгийн зээлийг үнэт цаасжуулсан. Бид өнгөрсөн хугацаанд 1.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөрийг Монголбанкинд давуу эрхийн бондоор дамжуулж олгосон.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
УЛС МӨНГӨГҮЙ БАЙХАД МОНГОЛБАНК ХААНААСАА МӨНГӨ ГАРГАНА ГЭЖ.ҮЙЛДВЭРЛЭХ ҮҮ
2022-05-04
arduud:
mongolchuud bidnii amidral hetsyydlee oron suutsand orj yzeh yumsan.bolomjoor hangaachee tur zasag mini
2022-05-04
8% delhiid hamgiin ih hyytei zeel mongold baigaag anhaarch 3-4% bolgoochee maluudaa.uursduu 100 terbumaar ni zeel avch bank dampuuruulj ord harsh bariad Altanhuyagaas ehleed ard bid buurunhii gerteen utaagaa tataad utaa gargaj hog tylj amidarch bna
2022-05-04