Ан Баул: Монголд байх хугацаандаа бэлтгэлээ сайн хийнэ
2022-05-03

 

Өнөөдөр жүдо бөхийн олон улсын хамтарсан бэлтгэлийн хоёр дахь өдөр. Жүдо бөхийн хүчирхэг гүрнүүд болон Франц, БНСУ-ын жүдо бөхийн тамирчид Улаанбаатар хотноо хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн. Тухайлбал,  Францын багийн бүрэлдэхүүнд олимпын гурван удаагийн алт, хоёр удаагийн хүрэл медальт, дэлхийн аваргын арван алт, нэг мөнгөн медальтай алдарт тамирчин Тедди Ринер ирсэн бол БНСУ-аас дэлхийн аваргын алт, хүрэл медальт, олимпын мөнгө, хүрэл медальт Ан Баул зэрэг тамирчид ирээд байгаа юм. Жүдо бөхийн олон улсын хамтарсан бэлтгэл өчигдрөөс эхлэн  энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм.

 

Бид бэлтгэлийн үеэр дэлхийн аварга, Олимпын мөнгө, хүрэл медальт Ан Баул тамирчинтай цөөн хором ярилцлаа.

 

Сайн байна уу? Манай улсад тавтай морил. Юуны өмнө хуримаа хийсэнд баяр хүргэе.

 

-Сайн байна уу, Баярлалаа.

 

Та Монгол улсад хамтарсан бэлтгэл хийхээр анх удаа ирж байна. Монгол улсад хийх хамтарсан бэлтгэлийн эхний өдөр хэр байв?

 

-Намайг хүлээж авсан жүдогийн холбооны хамт олонд баярлалаа. Энд байх хугацаандаа бэлтгэлээ сайн хийгээд явна. Хүчтэй тамирчид олон бий. Тэдгээр тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаа нь тус болох байх. Олон улсын жүдочидтой бэлтгэл хийгээд сайхан байна. 

 

 

Дэлхийн аварга, хошой хүрэл медальт, Олимпын хүрэл медальт, алдарт жүдоч Ан Чанрим Жүдо бөхийн спортоосоо зодог тайлсан. Та хоёр хамтдаа бэлтгэл хийдэг байсан. Зодог тайлах шийдвэрийг нь хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Бид нэг нэгнийхээ дутуу зүйлсийг нөхөж, барилдааны тактик зохиож, ярилцаж байсан. Маш их бэлтгэл хамтдаа хийсэн. Маш их туслалцаа авсан.

 

Жүдо таны хувьд юу вэ?

 

-Жүдо бол агуу спорт. Олон улсын тамирчидтай өрсөлдөж, барилдахад сайхан байдаг.

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин