Б.Баярсайхан: Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч бүхэн хүүхэд хамгааллын бодлоготой байх ёстой

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн зарим хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Ингэхдээ Засгийн газраас удахгүй өргөн барих Төрийн хяналт шалгалтын тухай хуультай хамтатган зарим хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзжээ.
Мөн бүлэг өнөөдөр Хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Би төрийн түшээгээр томилогдсоноос хойш хүчирхийллийн эсрэг УИХ-ын лобби бүлгийг байгуулан, ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай хүүхэд хөгжлийн асуудлаар хэд хэдэн удаа уулзалт, хэлэлцүүлэг хийсэн.
Цар тахлын өмнө манай улсад жилд 25 мянган хүүхэд гэмтэж, хүчирхийлүүлж, амь насаа алдах тохиолдол ч байсан. Цар тахлын хөл хорионы үед энэ тоо 35 мянга болж өссөн. Эцэг эхчүүд үүргээ биелүүлэхгүй, гар утас, олон нийтийн сүлжээний харилцаанд илүү анхаарч, үр хүүхдэдээ анхаарал тавихгүй байна. Бид хүүхдүүдээ үл хайхраад байна.
Тиймээс Хөдөлмөрийн хуулинд анх удаа хүүхдийн тухай тусгасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, ажил олгогч бүхэн хүүхэд хамгааллын бодлоготой байхыг хуульчилсан. Байгууллагууд ажилтан, албан хаагчдадаа үр хүүхэдтэйгээ байх цагийг гаргаж өгөх ёстой” гэдгийг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ