Т.Доржханд: Би УИХ-ын чуулганы танхимд биш талбай дээр сууна

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр жагсаал хийсэн залуучуудын хүлээлт талаар өнгөрсөнийг хэлж байна. Тиймээс дахин шаардлага тавьж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн тайван жагсаалыг ирэх пүрэв гаригийн 12.00 цагт зохион байгуулах болсноо өнөөдөр мэдээлэв.
Т.Доржханд “УИХ-ын гишүүний хувьд ч урам хугарлаа. Бид хэмнэж, өөрчилж чадахгүй юм байна. Бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа дахин давтаж, ирээдүйн 30 жилтэйгээ нүүр тулах юм байна. Хөгжлийн банкны хулгайтай холбоотой улстөрчдийг УИХ нууцаар хэлэлцэж, хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Хуулийн байгууллагын оруулж ирсэн асуудлыг олонхоороо хамгаалаад авч үлдэж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл.
Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй байна. ХҮН-ыг төлөөлөөд ганцаараа сууж байгаа ч зөвийг дэмжиж, бодлогын өөрчлөлт хийж, УИХ-ын нэр хүндийг өсгөхөөр хоёр жил ажиллалаа. Өөрчлөлт гарахгүй юм байна. Тиймээс УИХ-ын танхимаас биш гаднаас залуучуудаа уриалж, хамтдаа тэмцье” гэв. Түүний тэмцэл дараах шаардлагыг чухалчлах гэнэ.
-
Ирээдүйн төлөө өнөөдөр тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Төрийн нүсэр, данхар тогтолцоотойгоор Монгол Улс хөгжихгүй. Төрийг цомхон болгох хэрэгтэй. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг яаралтай хийе.
-
Улаанбаатараас өөр хот байгуулахгүй юм уу. Эдийн засгийн хотуудыг бий болгож, тулгуур төвүүдийг дэмжье. Эрдэнэт-Дархан-Хөтөлийг аж үйлдвэрийн хот, Замын-Үүдийг худалдааны хот, Хархориныг тээвэр логистикийн хот, Багануур-Налайхыг их дээд сургуулийн хот болгож, шийдлүүдээ зоригтой хийе. Үүний тулд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй.
-
Яагаад 330 сум гэж. Оросын нөлөөгөөр хуваасан. 60 км тутамд хуваасан сумаа 150 км-т нэг сум байлгая. Ингэснээр сумдын тоо хоёр дахин буурч, зах зээл, ажлын байр үүснэ.
Мөн тэрбээр "Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүртэл талбай дээр сууж, тэмцлээ үргэлжлүүлнэ. Хэд хоног үргэлжлэхийг мэдэхгүй байна. Иргэдийн гарын үсгийг цуглуулж, УИХ-ыг шахна. Ингэхгүй бол Монгол өрөнд баригдаж, иргэд ядуурч, ажилгүй, орлогогүй, ирээдүйдээ итгэл мөрөөдөлгүй залуустаа болно. Энэ өөрчлөлтийг одоо л хийхгүй бол оройтно" гэдгийг хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ