Амны хаалтнаасаа салах цаг БОЛООГҮЙ
2022-05-02

 

Зуны тэргүүн сарын шинийн хоёрны мэнд. Хүн төрөлхтөн бид коронавирусийн нөхцөл байдалд дасан зохицож амьдрахаас өөр зам үгүй. Тиймээс ЭМЯ болон УОК-ын заавар зөвлөмж, чиглэл, шийдвэрийн дагуу аж төрж байгаа. Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдлын тоо буурч байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд  улсын хэмжээнд шинээр 55 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 40 Улаанбаатарт, 15 орон нутагт бүртгэгдэв.  Тодруулбал,   

 

  • Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Шинээр 67 тохиолдол бүртгэгдэв.

  • Дөрөвдүгээр сарын 28-ний өдөр Шинээр 42 тохиолдол бүртгэгдэв.

  • Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Шинээр 76  тохиолдол бүтгэгдэв.

  • Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Шинээр 55  тохиолдол бүртгэгдсэн

 

Мөн манай улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, өдөрт бүртгэгдэх хадварны тохиолдлын тоо буурснаараа цар тахал дуусгавар болсон гэсэн үг биш юм. Гагцхүү хувь хүний хариуцлагаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай баримтлах, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй.

 

Хэдийгээр дэлхийн зарим улс орон олон нийтийн газар “амны хаалт зүүх” журмыг цуцалсан ч манай улсын эрдэмтэд амны хаалтыг үргэлжлүүлэн зүүсээр байх шаардлагатайг сануулж буй. Энэ талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Амны хаалт зүүх эсэх нь ”Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах” түр журмаар зохицуулагддаг. Одоо байгаа журмаар  шар түвшинд иргэн бүр амны хаалт зүүх талаар тусгасан. Тиймээс хэдийгээр өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурч байгаа ч хүн бүр гадаад, дотоод орчинд амны хаалт зүүх хэрэгтэй.  Мөн манай улс агаарын бохирдол ихтэй, нарийн ширхэгт тоосонцор өндөр байдаг тул гадаад орчинд ч байнга амны хаалтаа зүүж занших нь зөв. Манай улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог.

 

Тодруулбал, ДЭМБ манай улсыг 2021 онд эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчлөл өндөр 30 орны тоонд оруулсан. Манай улсад сүрьеэгийн өвчлөл их байдаг  нэг шалгтаан нь өвлийн улиралд сургууль, цэцэрлэгүүд цонхоо онгойлгож агааржуулалт хийдэггүй, зориулалтын агааржуулалт байдаггүйтэй холбоотой. Мөн ийм шалтгаанаар томуу их дэгддэг. Тиймээс дотоод, гадаад ямар ч орчинд коронавирус халдварын  дараа ч  амны хаалтыг зүүж хэвших хэрэгтэй . Япон зэрэг орнуудад коронавирус халдвараас өмнө ч мөн амны хаалтыг тогтмол зүүдэг байсан. Энэ нь томуу ба сүрьеэ бусад өвчнөөс ихээр сэргийлэхэд тустай байсан. Амны хаалт зүүснээр халдвартай хүн бусдад халдвараа тараахаас сэргийлэх мөн халдваргүй хүн халдвар авахаас сэргийлэх 2 талын ач холбогдолтой.

 

Биеийн тамирын хичээл дээр сурагчид амны хаалт зүүхгүй байж болно. ЭМЯ-наас ч биеийн тамирын хичээл дээр амны хаалтгүй байх зөвлөмж гаргасан. Мөн ангидаа тогтмол агааржуулалт хийх, цэвэр агаартай орчин нөхцөлд түр хугацаанд амны хаалт зүүхгүй байх боломжтой.  Цаашид амны хаалтыг тогтмол зүүж хэвших нь иргэдийн эрүүл мэндэд маш их хэрэгтэй" гэж мэдээлсэн. 

 

Удахгүй монголчуудын Үндэсний их баяр наадам, зуны арга хэмжээнүүд болно. Хэрэв хувь хүний сахилга бат алдаж, халдвар хамгааллын дэглэм алдаж, өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн тохиолдолд хязгаарлалт тогтоохоос өөр аргагүй. Өнөөдрийг хүртэл хичээж зүтгэсэн зүтгэл үгүй болно. 

 

 

Тиймээс хувь хүн бүр хариуцлагатай байх чухал цаг юм. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин