Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дууслаа. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгч талууд хаалттай явуулах санал гаргасан юм. Улмаар урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай явагдсан бөгөөд яллагдагч Н.Түвшинбаяр шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон юм.
Хохирогчийн өмгөөлөгч “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан үндэслэл, журмынхаа дагуу шүүх хуралдаанд гэрч оролцуулах, хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учир шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийг шүүхээс хангаж, нэр бүхий гэрч нарыг оролцуулах, шүүх хуралдааныг хаалттай, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр товлолоо” гэж мэдээллээ.
Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр 2021 оны 04 дүгээр сарын 02-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар хохирогч удаан хугацааны эмчилгээний дараа нас барсан юм.
М.Насан
Уншиж байна |