Хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй ажлын байр ба политехник коллежид суралцагчдын сонголт
2022-04-29

 

2022 онд эрэлт ихтэй 520 ажил, мэргэжил бүртгэгдсэнээс хөдөлмөрийн зах зээл дээр техникийн болон нарийн мэргэжлийн боловсрол шаардах барилга угсралтын мужаан болон автын механикч зэрэг мэргэжлүүд эрэлт ихтэй байна. Тодруулбал, барилга угсралтын мужаан зөөгч, арматурчин, барилгын засалчин, фермийн операторч, зуухны машинист засварчин, автын механикч, цахилгаанчин, сантехникч хоолой угсрагч зэрэг мэргэжлүүд эрэлт ихтэй байгаа юм. Харин гагнуурчин, металл хийц  угсралтын слесарь, оёдолчин гэх мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний илүүдэлтэй байна. 

 

Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт ихтэй 100 ажил, мэргэжлийн 37 хувь нь дээд боловсрол шаардагдах, 35 хувь нь Техникийн болон мэргэжлийн боловсрол шаардагдах, 28 хувь нь мэргэжил шаардагдахгүй байна.

 

 

 

Тэгвэл МСҮТ, политехник суралцдаг суралцагчдын төлөөллөөс ямар мэргэжлээр элсэн суралцаж буй, тухайн мэргэжлийг сонгох болсон шалтгаан, эрэлттэй мэргэжлийн талаар судалсан эсэх талаар асуултад хариулт авахаар Монгол Улсын гавьяат барилгачин О.Тлейханы нэрэмжит, барилгын мэргэжлийн сургууль Барилгын Политехник коллежийг зорилоо. 

 

Барилгын Политехник коллежид дараах мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна. 

 

Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт:

 

Техникийн боловсрол олгох сургалт: Бүрэн дунд боловсрол, мэргэжлийн боловсрол/1.5 жил суралцана. 

 

  • Барилгын техникч
  • Барилгын угсралтын техникч
  • Цахилгааны техникч
  • Сантехник, халаалт агааржуулалтын төхөөрөмжийн техникч
  • Барилгын материалын  үйлдвэрийн техник технологич
  • Геодезийн техникч

 

Мэргэжлийн боловсрол олгох сургалт: Суурь боловсрол/2.5 жил суралцана/

 

Барилгын засал чимэглэлчин

Барилгын өрөг угсрагч

Бетон арматурчин

Барилгын мужаан

Барилгын цахилгаанчин

Барилгын сантехникч

Гагнуурчин

Халаалт, агааржуулалт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин

Авто машины засварчин

Метал боловсруулах машины оператор

 

Мэргэжлийн боловсрол олгох сургалт: 18-аас дээш насны иргэд 

 

  • Барилгын засал чимэглэлчин
  • Бетон арматурчин
  • Барилгын цахилгаанчин
  • Барилгын сантехникч
  • Гагнуурчин
  • Барилгын машин механизмын оператор
  • Эрчим хүчний хэмнэлттэй барилгын бүтээц, угсрагч
  • Хуурай хийц угсрагч

 

Энгийн сургалттай арван жилийн сургууль төгсөхийг хүсээгүй 

 

Барилгын Политехник коллежийн Барилгын мужааны 2А ангийн суралцагч:

 

-Би барилгын мужааны мэргэжлээр 2.5 жил сурч төгсөөд ЭЕШ өгч их дээд сургуульд элсэн суралцана. Их сургуульд өөрийн хүссэн мэргэжлээр суралцахын тулд мэргэжлийнхээ талаар ойлголттой болох хэрэгтэй байсан. Тиймээс Барилгын политехник коллежид элсэн суралцаж байна. Өөрөөр хэлбэл, энгийн сургалттай арван жилийн сургуулийг төгсөхийг хүсээгүй. Манай мэргэжил маш олон давуу талтай. Ерөнхийдөө цогц чадвартай байхыг шаарддаг мэргэжил. 

 

Энэ сургуудьд суралцаж байгаадаа баяртай байна.

 

Барилгын Политехник коллежийн Барилгын мужааны 2А ангийн суралцагч:

 

-Хүүхдүүд арванхоёрдугаар ангиа төгсөөд их дээд сургуульд суралцдаг. Гэхдээ есдүгээр анги төгсөөд МСҮТ-д суралцаж мэргэжилтэй болох боломжтой. МСҮТ-д 2.5 жил суралцаж төгсөөд хүсвэл ЭЕШ өгч их дээд сургуульд суралцах ч  боломжтой. Тиймээс би мужаан мэргэжлээр суралцахаар шийдсэн. Мөн 2.5 жил суралцаж төгсөөд ЭЕШ өгнө. Би энэ сургуудьд суралцаж байгаадаа баяртай байна. Би олон зүйл суралцаж байгаа, оньсон тоглоом, ширээ сандал хийж байна.

 

Политехник коллежид суралцаж төгсөөд ЭЕШ өгнө 

 

Барилгын Политехник коллежийн Барилгын цахилгаачин 2Б ангийн суралцагч:

 

-Багаасаа аавыгаа дагаж цахилгааны ажилд нь тусладаг байсан. Энэ мэргэжилд маш их сонирхолтой. Би 2.5 жил суралцаад мэргэжил эзэмшиж, мэргэжлийн үнэмлэхтэй болно. Ингээд ЭЕШ өгч их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр элсэн суралцана гэж боддог. Бид 2.5 жил суралцахдаа ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээл үзэж, практик дадлага хийж гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, танхимын онолоо бататгадаг гэсэн үг.  

 

Гэхдээ нэмж нэг зүйлийг хэлмээр байна. Бидэнд сард 200.000 төгрөгийн тэтгэлэг олгодог байсан. Харин энэ жилээс тус тэтгэлгийг суралцаж төгсөх үед нь олгохоор болсон. Уг нь сар бүр олговол бидэнд хэрэгтэй байсан юм. Хичээлийн хэрэгсэл бусад хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг.

 

Бусад хүүхдүүдээс илүү цаг хугацаа хэмнэсэн 

 

Барилгын Политехник коллежийн Барилгын засал чимэглэлийн 1Б ангийн суралцагч:

 

-Би энэ салбарт сонирхолтой учраас барилгын засал чимэглэлийн ангид суралцахаар шийдсэн. Мөн манай аав ээж хоёр маань барилгын салбарт ажилладаг. Тиймээс энэ салбарыг сонгоход илүү дөхөм байсан. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд ЭЕШ өгч их дээд сургуульд суралцаж байгаагаа хүүхдүүдээс цаг хугацаа хэмнэсэн гэж бодож байна.

 

Өөрийн хоббигоо хөгжүүлэн суралцаж байна 

 

Барилгын Политехник коллежийн Авто машин засварчны 2Б ангийн суралцагч:

 

-Миний хувьд автомашин сонирхдог хоббитой. Мэргэжлийн хичээл маань маш сонирхолтой байгаа. Мэргэжлээрээ 2.5 жил сурч төгсөөд ЭЕШ өгч их сургуульд элсэн суралцана. МСҮТ-д суралцаж төгсөөд их дээд сургуульд суралцах нь давуу талтай санагддаг.

 

 

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин