УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татжээ

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тогтоолтой танилцахаар өнөөдөр АТГ-т очсон ч хойшлуулсан байна. Тэрбээр ирэх лхагва гаригт өмгөөлөгчийн хамт ирж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцахаар болжээ.
Харин ямар шалтгаанаар яллагдагчаар татсан тухай УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хөгжлийн банкийг шалгаж эхэлснээс хойш намайг ямар нэг асуудалтай холбож, урьдчилан гэм буруутан болгохоор янз бүрийн зүйл яригдаж байсан. Манай Засгийн газраас гарсан шийдвэртэй холбоотой асуудлаар намайг яллагдагчаар татах санал ирүүлсэн юм байна” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн тэрбээр “Намайг 2014 онд огцруулсны маргаашнаас хууль хяналтын байгууллагын хаалга татуулж, гэрч, сэжигтэн, яллагдагч хүртлээ явсан. Гурван жил яллагдагчаар явж байгаад, Ц.Элбэгдоржийн хууль хяналтын байгууллагуудад тавьсан тавиулууд нь алга болж, дарга нар нь солигдоод, 2020 онд хэрэгсэхгүй болгосон.
Намайг яллагдагч болгосон нь улс төрийн шалтгаантай байсан. Харин өнөөдөр юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүний хувиар ард түмний амьдрал, улс орны хөгжилд их санаа зовж, хоёр жил нэлээн юм ярьсан. Үнэн үг их олон хүний дургүйг хүргэдэг, ялангуяа эрх барьж буй намын нэлээдгүй нь дурамчхан байдаг. Н.Алтанхуягийг дуугүй болгох төлөвлөгөө боловсруулж, зохиол бичиж байгаа гэсэн. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор явдаг байсан одоо хэн зохиол бичиж байгааг мэдэхгүй. Гэхдээ үнэн тодорно. АТГ, прокурорын байгууллагад өөрчлөлт гарсан гэж найдаж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ