Г.Баасан: ТЕГ хүний эрхийг хамгаалж дуугардаг хүмүүсийг агнадаг газар болжээ

Иргэн Ч.Мөнхбаярыг хуулийн үндэслэлгүй хорьж байгаа талаар мэдээлэл хийж байна.
Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч:
-Хүний эрхийг хамгаалагч иргэн Ч.Мөнхбаярыг 66 хоног үндэслэлгүйгээр хорьж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн шүүх хурал болсон. Уг хурлаар иргэн Ч.Мөнхбаярын гэм буруутай гэх нотлох баримтууд үгүйсгэгдэж, шүүх хэргийг цагаатгах боломжтой байхад эргэлзээтэй нотлох баримт гэж үзэн прокурорт буцаах тогтоол гаргасан.
Ч.Мөнхбаярын эрхзүйн байдлыг санаатайгаар дордуулж, хуульд заасан үндэслэлгүйгээр цагдан хорьж, эрүүгийн шүүлтийн хэлбэр болох дарамт үзүүлж байна гэж үзэж байгаа юм. НҮБ-ын хүний эрхийн тухай тунхаглалд хүний эрхийг хамгаалагчдыг эрх баригчид хууль шүүхээр дарамтлах, хуулиар далайлган сүрдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг нь хасах, гутаан доромжлох, нэр төрийг нь харлуулсан мэдэгдэл хийх, зохиомол хэрэгт холбогдуулан шалгах, гадаадын агент, нууц бүлгэмийн тагнуул, төрийн дайсан хэмээн буруутгадаг үйлдлүүдийг хориглосныг олон улсад хүлээн зөвшөөрсөн үүргээ Монгол Улс зөрчиж байна гэж үзэж байна.
Хүний эрхийг хамгаалагч Ч.Мөнхбаярыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-д заасан гэмт хэргийг үйлдэх үндэслэл байхгүй гэж суллахыг шаардсан мэдэгдлүүдийг Монгол туургатнуудаас гаргасаар байна.
Уг маргаан нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжиж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолд прокурор эсэргүүцэл бичсэн өмгөөлөгчид гомдол гаргасан байгаа бөгөөд нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжмэгц Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс дахин гаргах болно. 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр УИХ дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Улсын Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга нарт албан бичиг хүргүүлсэн бөгөөд ТЕГ-аас хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж хариу өгсөн. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө өмгөөлөгч нарт танилцуулж, мэдэгдээгүй болно. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас Улсын ерөнхий прокурорт шилжүүлсэн гэв. ЗГХЭГ-аас хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохыг хуулиар хориглосон гэсэн хариу ирүүлсэн нь Үндсэн хуульд зааснаар төрөөс хүний эрх эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтыг хэрэгжүүлэхээс татгалзсан үйлдэл болсон хэмээн үзэж байна. Улсын ерөнхий прокуророос одоо хүртэл хариу ирүүлээгүй. АТГ-т Тагнуулын байгууллагын албан тушаалтан, мөрдөгч прокурор нарыг шалгуулах хүсэлт гаргасан боловч гомдлыг Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлсэн гэсэн хариу ирүүлээд байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийлөгч болон ХЭҮК-т гомдол гаргасан.
Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан:
-Хүний эрхийг хамгаалагч иргэн Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Хуульд зааснаар гэм буруутай нь тогтоогдсон, хорихгүй бол үргэлжлүүлэн гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал нь тогтоогдсон, тогтсон гэр оронгүй, удаа дараа гэмт хэрэг хийж байсан хорихоос өөр арга байхгүй. Харин Ч.Мөнхбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авах ямар ч нөхцөл бүрдэхгүй байна. Гэрийн хаяг тодорхой, гэмт хэрэгт оролцож байгаагүй, гэмт хэрэг үйлдэх нөхцөлгүй, сэтгүүлч хүн. ТЕГ агнуурын ерөнхий газар болжээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчин чадал, хүний үндсэн болон салшгүй эрхийг хамгаалж, дуугардаг хүмүүсийг агнадаг газар болжээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ