УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Орхон аймагт бие даан нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Гэвч түүнийг сонгогчдынхоо эрх ашгийг хөсөрдүүлсэн хэмээн үзэж, Орхон аймгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнөөс өнөөдөр шаардлага хүргүүллээ. Нийт 4 000 гаруй иргэний гарын үсгээр Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах шаардлагыг тавьж байна.
“Н.Алтанхуяг Орхон аймгийн 19 000 гаруй иргэний саналаар УИХ-д сууж байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд АН-д орж, сонгогчдын эрх ашиг, итгэл найдварыг хөсөрдүүлж, хууран мэхэлж, залилсан. Мөн 2012-2014 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Чингис, Самурай бондын мөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүст их хэмжээгээр тарааж, эх орны эрх ашгаас урвасан” хэмээн үзэж байна.