Б.Энхлэн: Залуус сэтгэлийн түгшүүр ихтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул байна
2022-04-25

 

Залуусын сэтгэлзүйн  эрүүл мэндийн асуудлын хүрээнд Сэтгэл судлалын үндэсний төвийн сургалтын албаны дарга, сэтгэл судлаач Б.Энхлэнтэй ярилцлаа.

 

Сүүлийн жилүүдэд коронавирус халдвар хийгээд ОХУ болон Украин улсын дайнаас үүдэн нийгэм тогтворгүй байна. Энэ байдал нь залуусын сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байна вэ?

 

-2020 он гарснаас хойш бидний амьдралд коронавирус халдвартай холбоотой маш олон төрлийн өөрчлөлтүүд гарч байна. Үүний нэг нь яалтачгүй бидний сэтгэл зүйтэй холбоотой байдал юм. Тэр дундаа 19-25 насны залуусын сэтгэл зүйн асуудлаар  улс орнуудын хийсэн судалгаанаас харахад залуус дундах түгшүүр, сэтгэл гутралын үзүүлэлтүүд нэлээн нэмэгдсэн хандлагатай байна.

 

Тухайлбал: Бельги, Франц, АНУ  гэхэд 2021 оны 3-р сарын мэдээлэлд үндэслэн сэтгэл түгшүүр, сэтгэл хямралын шинж тэмдэгтэй залуучуудын эзлэх хувь хямралын өмнөх үеийн хамгийн сүүлийн үеийн үзүүлэлтээс хоёр дахин их байсан. Мөн  Их Британийн улсад сүүлд хийгдсэн үзүүлэлтийг 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад эмэгтэйчүүд дундах сэтгэл зүйн асуудал гурав дахин, эрэгтэйчүүд дундах сэтгэл зүйн асуудал дөрөв дахин өссөн. Харин Канадад 15-24 насныхны дунд хүнд хэлбэрийн сэтгэл түгшүүрийн шинж тэмдэгтэй залуусын тоо нэмэгдсэн бөгөөд энэ нь тухайн улсын 25-64 насныхны үзүүлэлтэй харьцуулахад 19 хувиар илүү гэсэн судалгаанууд гарсан. Бусад улс оронд ч гэлтгүй энэ байдал монголд ч бас ажиглагдаж байгаа.

 

Өнөөгийн залуусын сэтгэлзүйг хэрхэн дүгнэх вэ?

 

-Зөвхөн залуус ч гэлтгүй сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн хэдий ч залуучууд маань өөртөө анхаараад мэргэжлийн сэтгэл судлаачид хандах үйлдлийн тоо нэмэгдснийг дурьдах нь зүйтэй байх. Залуучуудын дундах сэтгэл зүй асуудал, сэтгэл зүйн байдлыг дүгнэхийн тулд мэдээж маш сайн суурь судалгаа байх шаардлагатай. Одоогоор зөвхөн монголд амьдарч буй 20-30 насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг судалсан  суурь судалгаа миний хувьд хараахан олж хараагүй байна. Тиймээс зөвхөн сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж буй хүмүүсийн үзүүлэлтээр тодорхойлох нь. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж буй 20-30 насны залуусыг ажиглахад сэтгэл түгшүүр ихтэй, өөртөө итгэх итгэл сул, ойр дотны харилцаандаа сэтгэл хангалуун бус, нийгмийн харилцаанд өөрийгөө илэрхийлэх чадвар сул зэрэг байдал ажиглагдаж байна.

 

Залуус сэтгэлзүйн асуудалтай тулгарснаа таньж, мэдэж хүлээн зөвшөөрдөг үү?

 

-Мэдээж зөвлөгөөнд хамрагдаж буй 20-30 насныхнаас харахад өөрсдөө хүлээн зөвшөөрөөд, надад мэргэжлийн хүний тусламж зөвлөгөө хэрэгтэй юм байна гээд хандаж байгаа.  Зөвлөгөөнд хамрагдсан энэ насныхны цаана дахин өөр ижил насны залуу хүнд туслах боломж, өөрсдөө тусламж авах бодол бий болж байна гэсэн үг. Учир нь найзаасаа сонсоод ирлээ гэх хүмүүс цөөнгүй бий. Тиймээс найз нөхөд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зөв мэдээлэл өгч сэтгэл судлалын тухай, сэтгэл зүйн зөвлөгөөний тухай зөв ойлголтыг бусдад мэдээлэлж буй хүмүүс, байгууллагуудад бас талархаж байна. Сүүлийн жилүүдэд ССШУ-ны тухай ойлголтыг нийгэмд зөвөөр, бодитоор мэдээллэх байдал нэмэгдэж байгаа нь залуус дунд өөрт тулгарсан асуудалд мэргэжлийн хүний тусламж зөвлөгөө авахад айдасгүй, санаа зовинолгүй хандах боломжийг үүсгэж байна. Жил ирэх тусам сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж буй залуусын тоо нэмэгдэж байгаа нь нийт залуусын тоо их байгаа, мөн мэдээлэлд шүүлтүүртэй хандах байдал өссөн, зөвлөгөөний талаар мэдээлэл хүртээмжтэй бодит болсон, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийн тоо нэмэгдсэн зэрэгтэй ч олон шалтгаануудтай байж болно.

 

Олон нийтийн цахим сүлжээ залуусын сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байна вэ?

 

-Олон нийтийн сүлжээ гэхээсээ илүү олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээлэлд хэрхэн хандаж байна, ямар эх сурвалжийг үндэслэж байна, ямар хүнийг дагаж, хэнээс үлгэж дууриалал авч байна гэдэг зүйлийг чухалчлах нь зүйтэй. Мэдээж янз бүр л нөлөөлж байна. Зарим хүмүүсийн хувьд мэдээлэлд өөрөө шүүлтүүргүй хандаж байгаагаас худал хуурмаг мэдээлэлд автах, өөрөө буруу ойлголттой үлдэх зэрэг байдлууд бий хэдий ч нөгөө талдаа мэдээллийн эх сурвалжийг сайтар судлах, үнэн эсэхийг шалгах зэрэг үйлдлийг хийдэг хүмүүс ч бий. Энэ нь 20-30 насныхан дунд мөн л харилцан адилгүй байгаа. Бие хүнд сөрөг байдлаар нөлөөлж байгааг нь авч үзвэл “би бусдаас муу байна”, “хангалттай сайн биш байна”, “илүү их хөдөлмөрлөж амжилттай байх хэрэгтэй”, “би чадахгүй байна” гэх мэт өөрийн үнэлэмжтэй нь холбогдох байдал ажиглагдаж байгаа. Тиймээс олны танил бусдад үлгэр дууриалал үзүүлэх зорилготой хүмүүс маань өгч буй мэдээлэлдээ анхаарахаас гадна мэдээлэл авч буй хүмүүс өөртөө хяналттай, өөрийгөө буруу дутмаг мэдээллээс хамгаалах чадвартай байх хэрэгтэй.

 

Залуус сэтгэлзүйгээ тогтвортой байлгахын тулд яах ёстой вэ?

 

-Энэхүү мэдээллийг зөвхөн сэтгэл зүйн зөвлөгөөнд сайн дураар хамрагдаж буй залуусын кейсийн ажиглалт дүгнэлт дээр үндэслэн хүргэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Сэтгэл түгшүүр, сэтгэл хямрал, сэтгэл зүйн тайван бус тогтворгүй байдалд хамгийн түрүүнд анхаарах ёстой чухал зүйл бол амьдралын хэв маяг. Хамгийн түрүүнд чанартай нойр, дасгал хөдөлгөөн, өөрт тохирсон хоол хүнс зэрэг багтана. Залуучууд дунд нойрны асуудал ч нэлээдгүй байна. Магадгүй энэ нь хөл хориотой холбоотой байх ч магадлалтай. Хангалттай нойр авч чадахгүй байх, унтахдаа сэтгэл зовоосон асуудлууд бодогдох, шөнө ойр ойрхон сэрэх зэрэг нь сэтгэл санааны байдалтай холбогддог. Хичээлийн ачаалал, ажлын ачаалал, ядарсан байдал, шөнийн цагаар ажиллаж нойргүй явснаа өдөр нь үд хүртэл унтаад шийдчихдэг зүйл бишээ. Шөнийн нойрыг гүйцэх өдрийн нойр гэж байхгүй. Тиймээс тогтмол цагт унтаж тогтмол эртлэн сэрдэг байх хэрэгтэй. Дараагийн дугаарт хоол хүнс, ус гэдэг зүйл орж ирнэ. Манай залуус дунд сүүлийн жилүүдэд өөрийн биедээ анхаарах байдлууд нэмэгдсэн нь давуу тал хэдий ч өөртөө тохирсон хоол хүнсийг сонгон хэрэглэж сурах хэрэгтэй. Үүнийг хооллолтын мэргэжилтнүүд илүү сайн зөвлөх байх. Харин дасгал хөдөлгөөн гэдэг зүйл сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой чухал үйлдлийн нэг. Сэтгэл гутралын шинж тэмдэг дунд идэвхгүй болох, өмнө нь хийдэг байсан дуртай үйлдэл дадалаа хийх хүсэлгүй болох, хөдөлгөөн хийхээс татгалзах гэх мэт олон шинжээр илэрдэг. Тиймээс өөртөө тохирсон хөдөлгөөнийг тогтмол хийх нь стрессийн дааврыг бууруулах цаашлаад сэтгэл түгшүүрийг багасгах, сэтгэл гутралд өртөхөөс өөрийгөө хамгаалах боломжтой гэсэн үг. Тэгэхээр эхлээд амьдралын хэв маягаа эргэцүүлэн, өөртөө тохирсон үйлдэл хийхийг зөвлөж байна.

 

Залуусын хамгийн том дутагдал, сул тал юу байна вэ?

 

-Дутагдал, сул тал гэж нэрлэх нь зөв биш байх. Гэхдээ залуучуудтай ажиллаж байхад өөрийн онцлог  давуу талаа ойлгож таних, сул талаа хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг тэр бүр ойлгодоггүй. Хүн бүрт өөрийн бусдаас ялгарах онцлог гэж бий мөн сул тал ч бий. Мөн тэр сул талаа давуу тал болгох гэж хичээх нь хэцүү. Уг нь хүн бүрт л байдаг зүйл гэдгийг нь ойлговол өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд тустай. Ингэснээр хүн өөртэйгээ ажиллах хаалгыг нээж байна гэсэн үг.

 

Инфлүүсерүүд залуусын сэтгэлзүйд ямар нөлөө үзүүлдэг вэ? Жишээлбэл, үргэлж өөдрөг байх, хуурамч эерэг байдлыг бий болгох нь зөв үү?

 

-Үүнийг шууд хэн нэгний үгээр зөв буруу гэж шүүх нь зохисгүй. Мэдээж ийм хамаарал байна, ийм нөлөөг ингэж үзүүлж байна гэсэн судалгаа хэрэгтэй. Ажиглалтын үндсэн дээр зарим залуучууд өөрийгөө бусадтай харьцуулан өөрийн үнэлэмжээ бууруулах хандлагатай байдаг бол үлгэр жишээ хүнээсээ суралцаж, сэдэл авч байгаа залуус ч бий. Харин яг ямар байдлаар өөрөө бодож хүлээн авч байна вэ гэдэг нь чухал. Яахав хэт гоё байгаагаа, сайн байгаагаа, мундаг байгаагаа бусдад түгээж буй хүмүүс ч байдаг. Тэр нь магадгүй тухайн мэдээлэл хүргэж байгаа хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Эсвэл бусдад үлгэр дууриалал болоё, эерэг байя гэж бодож буй хүмүүс ч бий. Гол нь залуучууд өөрсдөө мэдээллийг, Инфлүүсер гэж нэрлэгдэж буй хүнээ ямар зорилгоор хараад байгаагаа өөрсдөө дүгнэж эргэцүүлж тусгаж авдаг байх хэрэгтэй. Өө ямар азтай юм бэ, бий хэзээ ч ийм болохгүй дээ, ингэх боломжгүйшдээ гэж хараад өөрөө сэтгэл зүйг тогворгүй, тайван бус болгоод байгаа бол яагаад тэр хүнийг байнга харах гээд байгаагаа бодох шаардлагатай. Ингэх боломжой юм байна, ийм арга зам байдаг юм байна, энийг нь хэрэгжүүлээд үзье гэдэг ч юм уу сэтгэл зүйд эерэг байдлаар нөлөө үзүүлэх сонголт алхамыг хийж уг нь болно.

 

Тиймээс эцэст залуучууддаа хандаж зөвлөхөд:

 

  1. Амьдралын хэв маяг нь өөрийн сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлж байна уу. Хэрвээ тийм бол өдөр тутмын хийдэг үйлдэл, амьдралын хэв маягтаа өөрчлөлтийг үзүүлэх үйлдлийг хийгээрэй. Чанартай нойр авах, өөртөө тохирсон хоол хүнс хэрэглэх, тогтмол хугацаанд дасгал хөдөлгөөн хийж байх.
  2. Өөрийгөө байгаагаар хүлээн зөвшөөрч, өөрийн давуу талаа олж харах
  3. Өөрт хүртэгдэж буй хүн, мэдээлэл бүх зүйлд шүүлтүүртэй хандах
  4. Шаардлагатай гэж үзвэл мэргэжилтнээс зөвлөгөө авах зэргийг хийх боломжтой.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ асуудлаа засгийн газарт оруулах хэрэгтэй.Монголд ердийн амьдарахад маш хэцүү шүү дээ.Даан ч Дарга нар нь тэнгэрт гарчихаад ийм асуудлыг мэддэггүй .Нийтийн жорлон,асар үнэтэй эмийн сангуудаас эхлээд маш олон байна да.
2022-04-25
AVTOBUS baaz2iin ediin zasagch Uranchimeg hogiin hulgaich urainhai
2022-04-25