Эрх баригчид Төрийн хэмнэлтийн хуулийг “хүчиндэв”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотгол, Төрийн хэмнэлтийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Эхний санал хураалтаар гишүүдийн олонх нь төсвийн толотгол, хэмнэлтийн хуулийн төслүүдийг дэмжихгүй, унагалаа. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, С.Амарсайхан нарын горимын саналын дагуу дахин санал хураалт явуулж, хүчээр дэмжүүллээ. Ингэснээр уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Нийслэлийн түгжрэлийг шийдвэрлэх LRT төслийн санхүүжилтэд Засгийн газрын баталгаа гаргах Засгийн газрын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо унагасан. Төсвийн байнгын хорооны энэ шийдвэрийг Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд эсэргүүцэж, уг асуудлыг дахин оруулж ирэхгүй бол төсвийн тодотгол болоод дагалдан оруулж ирсэн хуулийн төслүүдийг дэмжихгүйгээ илэрхийлж, санал хураалтыг бойкотоллоо.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Улаанбаатар хотын нийтийн иргэдийн эрх ашгийн төлөө хийгдэх LRT төслийг хассан төсвийн тодотголыг дэмжихгүй. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар та ТЭЗҮ-ийг уншаа, индэр ашиглаж, иргэдийн угаах хэрэггүй. 2.8 тэрбум ам.доллараар Засгийн газар бонд гаргах мэт ярилаа. ТЭЗҮ нь хийгдэж дууссан, 926 сая ам.доллараар хийж байгаа. 510 сая буюу 50 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах асуудал яригдаж байна. Өрийн босго давлаа гэж хүмүүсийг айлгадаг. Та ажлаа хий л дээ. Та болгодог шдээ. Та Сангийн сайд байхдаа Увсад олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж байсан. Улаанбаатар иргэд хүн биш юм уу, Увсын иргэд хүн юм уу, больж үзээрэй.
Энэ асуудлыг Төсвийн байнгын хороо дахин хэлэлцэж, оруулж ирэхгүй бол Түр хорооны 24 гишүүн чуулганд суухгүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: LRT төсөлд баталгаа оруулах асуудлыг оруулахгүй бол энэ төсвийн тодотголыг дэмжихгүй. 500 сая ам.долларын баталгааг аюултай зардал гэж ярьж болохгүй.
Түгжрэл жилд 2.7 тэрбум ам.доллар алдагдаж байна. Ирэх 5 жилд 8.5 тэрбум ам.долларын алдагдал гарна. 2024 онд Улаанбаатар хот тэг зогсолт хийнэ. Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд тохирсон асуудлыг эрх баригч олонхын бүлэг унагаах юм уу. Энэ ямар асуудал руу орчихов оо? Парламент хот, хөдөөгөөрөө зодоон хийх гэж байна. Би үзэлцэхэд бэлэн байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол эрх баригч МАН юу хийлээ гэж сонгуульд орох вэ?
Бурхад зодолдвол түүгээрээ зодолдмоор байна. Бурхадын зодоонд Улаанбаатар хотын иргэдийг битгий золиосол" хэмээн Төсвийн байнгын хорооны даргад хандав.
Харин Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Хотоос сонгогдсон гишүүд эмоцитай ярьж байна. Асуудал зарчимдаа л байна. Бид хууль дээдлэх үү, Монгол Улс, 3.6 сая иргэний эрх ашгийг дээгүүр тавих уу гэдэг зарчим ярьж байна. Бид яах гэж хууль баталж, гаргасан юм бэ. Төсвийн тодотгол өргөхдөө хажууд нь 3.5 тэрбум ам.долларын Засгийн газрын баталгаа гаргах агуулгатай тогтоол оруулж ирж байна. 2032 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөгийг зарцуулна.
Сонгуулиар болохоор Монголын өрийг ярьдаг. Гэтэл одоо хамаагүй, хуулиа өөрчилж байгаад баталъя гэж яаж тэгж ярьдаг юм бэ. Монгол Улсын өр аюулын харанга дэлдэх цаг ойртсон байгаа шүү.
Дүүжин тээвэр хаана байна, нийслэлийнхээн. Тэнгэрийн зам хаана байна аа?" хэмээн эргэн хариуцлага нэхэв.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ