А.Ариунзаяа: 2020 онд хэрэгжүүлсэн халамжийн бодлого ядуурлын түвшинг бууруулсан

С.Чинзориг: Нийгмийн даатгалаар ажилтныг биш ажил олгогчийг дэмжих ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотгол, Хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зөв гэж харахгүй байна. Шимтгэлийг буцаан олгох бол ажилтныг биш ажил олгогчийг дэмжих ёстой. Яагаад ажил олгогчийг дэмжээгүй юм бэ?
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Улсын төсвөөс буцаалт нь олгогдоно. Бага цалин, орлоготой иргэд рүү чиглэсэн богино хугацааны арга хэмжээ гэж ойлгоно. Үнийн өсөлтөд маш ихээр нэрвэгдаж байгаа бага орлоготой иргэд, сайн дурын шимтгэл төлж байгаа иргэдэд тодорхой дэмжлэгийг төсвөөс үзүүлэх бодлого юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг 1 сая төгрөг хүртэлх цалинтай хүнд олгоно гэхээр илүү шударга, сайн ажиллаж саяас дээш цалин авдаг хүмүүс хамрагдахгүй байна. Хөдөлмөрийн ялгаа гараад байна, сайн ажилладаг хүмүүс сайн цалин авдаг. Өдрийг өнгөрөөдөг хүмүүс тааруу цалин авдаг. Энэ бодлого ямар хүмүүсийг дэмжээд байгаа юм бэ?
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Төрийн хэмнэлтийн тухай хуулиар 1 жилд ойролцоогоор 30-40 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргасан байна. Тодорхой тоо хэлэхэд түвэгтэй. Мөнгөндөө биш хандлага, зарчмаа өөрчлөхөд чухал алхам болно.
Нийгмийн даатгалын бодлого тодорхойгүй байгаа учраас үүнийг тойрсон маш их эргэлзээ байна. Тиймээс нийгмийн даатгалын багц хуулиа яаралтай оруулж ир ээ. Нийгмийн даатгалын шимтгэлээр оролдохгүйгээр эхлээд нийгмийн даатгалын бодлогоо гаргах ёстой байсан. Популизм хийсээр байтал энэ сан дууслаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэмнэлтийн бодлогын хүрээнд агентлагуудыг дэд даргагүй болгох юм байна. Би төрийн захиргааны гурван байгууллагад арваад жил Тамгын газрын даргын албыг хашсан. Анзаарч байхад агентлагууд яамдаас том. Яамд дундажаар 100-аад хүнтэй. Засгийн газрын агентлагууд 600-1600 хүн ажилладаг. Энэ байгууллагуудад дэд дарга их чухал. Ганцхан дарга албан бичигт цохолт хийгээд л таарах байх. Хуульзүйн яаманд ажиллаж байхад зөвхөн сайдад өдөрт 1000 бичиг ордог. Нэг орон тоо хэмнэх гэж байгаад ажлын ачааллаа дийлэхгүй болов вий.
Тухайн байгууллагын том, жижгээс хамаараад орлогчтой байх асуудлыг ярьж болохгүй юу? 40-4000 хүнтэй агентлаг байна. Бодлого алдагдах вий.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Эдийн засагт чухал үүрэгтэй, том агентлаг, улсын үйлдвэрийн газруудын дэд захирал, орлогч нарын талаар бодож үзмээр юм байна лээ. Үүнийг ажлын хэсэг дээр нэлээн сайн ярина.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Нийгмийн даатгалын сан татан буугдах хэмжээнд хүрлээ. Явсаар байгаад сан биш төсвөөс санхүүждэг төсөл хөтөлбөр боллоо. Нийгмийн даатгалын сангийн ирээдүйг яаж харж байгаа вэ?
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаалтын төсөв нь нийгмийн даатгалын мөнгөтэй холбоогүй, улсын төсвөөс олгогдоно. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын харьцаа, алдагдал улам л өндөр болох тооцоолол байдаг. 2050 онд хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжих томоохон бичиг баримтыг баталсан. Бид дунд хугацаанд хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих бодлогыг тун удахгүй танилцуулна.
1995 оноос хойш ажилтан нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, санг бүрдүүлж ирсэн. 2021 онд 517 тэрбум төгрөгийг улсын төсвийн татаасаар авсан. Үүний 400 тэрбум нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр, цэргийн албан хаагчдын тэтгэврийг төрөөс даадаг. Яг одоо 769 тэрбум төгрөгийг улсын төсвийн татаас дээр тавигдсан. Үүний дийлэнх нь төрөөс даадаг иргэдийн мөнгө орж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 70 хувь нь төлсөн шимтгэлийнхээ 50 хувийг буцааж авна гэж А.Ариунзаяа сайд хариулсан. Гэтэл та хоёр жилийн өмнө ҮСХ-ны дарга байхдаа манай улсын дундаж цалин сая гаруй төгрөг гэж байсан. Бидний цалин 30 хувиар буурсан юм уу? Бас ядуурал буурсан гэх, би энэ бүхнийн уялдаа холбоог ойлгохгүй байна. Нийгмийн даатгал төлөгчдийн 70 хувь нь сая төгрөгөөс бага цалин авдаг уу?
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Дундаж болон голч цалин гэсэн хоёр ойлголт байгаа. 2021 оны IV улирлын байдлаар ажиллагсдын сарын голч цалин 1 сая төгрөг байна. Эрэгтэйчүүдийн голч цалин 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна. Харин дундаж цалин 1.4 сая төгрөг байна.
Дэлхийн банк, ҮСХ-ны судалгаагаар 2020 оны ядуурлын түвшинг 2018 онтой харьцуулахад 0.6 пунктээр буурсан. Үүнийг айл өрхийг хэрэглээнд суурилан тооцдог. Айл өрхийн цалин хөлсний орлого буурч, тэтгэвэр тэтгэмжийн мөнгө нь нэмэгдсэн. 2020 онд Хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлж олгож эхэлсэн. Мөн халамжийн тэтгэврийн 188 мянган төгрөгийг 200 000 төгрөг, хүнс тэжээлийн дэмжлэгийг ч 2 дахин нэмэгдүүлсэн. Цахилгаан, ус, хог, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн. Хүндрэлд орсон ААН-үүдийн ажиллагсдад 200 мянган төгрөг өгсөн гэх мэтчилэн 2020 онд ДНБ-ий 4 хувийг халамжид зарцуулсан. Энэ бодлого 2018 оноос 2020 оны хоорондох ядуурлыг түвшинг бууруулсан гэдэг Дэлхийн банкны судалгаа гарсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ