Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагад нөлөөгөө тогтоосон бүлэглэлтэй хатуу тэмцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслүүдийг татан авсныг танилцууллаа. Үргэлжлүүлэн 2022 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Энэ удаагийн төсвийн тодотгол дөрвөн онцлогтой.
1.Төсөв дагалдуулж, төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг өргөн барьж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дараах асуудлуудыг зохицуулна.
-Хуульд тусгайлан заагаагүй бол УИХ болон Засгийн газрын харьяа агентлагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч нартай байхыг хориглоно. Нийслэлийн Засаг дарга 2 хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга 1-ээс илүү орлогч нартай байхыг хуулиар хориглоно.
-Нийслэлд том оврын машин хэрэглэх, төрийн албан хаагчид төсвийн зардлын машин унахыг хуулиар хориглоно. Өнөөдөр төсөвт байгууллагуудын ашиглаж байгаа 9800 машиныг 60 хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана.
-Төсөвт байгууллагын удирдлагууд бие даан орон тоо нэмэхийг энэ хуулиар хориглоно.
-Гар утасны зардал, зочин хүлээн авах, бэлэг солилцох, урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, сургалтын төлбөр олгох, бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.
-Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга 6, наадмын талбай 3, соёлын төв 7, спорт заал болон цогцолбор 3, усан бассейн 2, тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийтдээ 33 арга хэмжээг хассан.
-Цаашид хөшөө дурсгал, угтах үдэх хаалга зэргийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.
Ингэснээр үйл ажиллагаа, удирдлагын зардал 20 гаруй хувиар хасагдаж, 1500 гаруй орон тоо хасагдахаар байна.
2.Үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжих тухай
Төрийн хэмнэлтээр хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжихэд 2022 оныг дуустал дараах арга хэмжээнд зарцуулна.
-Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох
-Хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгох
-Дотоод хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх
-хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах
-Дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж 3 хувийн хүүтэй 1 их наяд төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох
-Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварыг чөлөөлөх
-Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлөх зэрэг арга хэмжээ багтлаа.
3. Төрийн өмчит ААН-үүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах томоохон шинэчлэлийн эхлэлийг тавина.
Хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, МТҮП, Үндэсний давхар даатгал, Авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит ААН-үүдийг дотоодын Хөрөнгийн биржээр дамжуулан нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрэхгүй байна.
Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төрийн хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтална. Харин жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлье.
4.Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах тухай
Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатарт хүн амын 50 орчим хувь нь амьдарч, жил бүр 35 000 иргэн шилжин суурьшиж байна. Хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах цогц үе шаттай бодлогын эхний ээлжинд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг гаргаж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
-Хоёр настай хүүхдийн эцэг эхэд дэмжлэг үзүүлж, хувьсах зардлыг олгох
-Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлэх
-Орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах
-Хөдөө орон нутагт бизнес эрхлэх иргэн, ААН-үүдэд 1 хувийн зээл олгох
-Орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшигчээс бусад ААН-үүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлснээс дараагийн 3 жилд 90 хувь, дараагийн 3 жилд 50 хувиар орлогын албан татварыг хөнгөлөх
-Үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож, татварт ногдох орлогоос хасаж тооцох
-Улаанбаатар хотод байгуулах Хөнгөн галт тэргийн санхүүжилтэд Засгийн газар баталгаа гаргана гэдгийг Ерөнхий сайд танилцуулж, төсвийн тодотголыг яаралтай горимоор баталж өгөхийг УИХ-аас хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ