Хөгжлийг банкийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хороог Ж.Сүхбаатар ахална

УИХ-ын Хянан шалгах анхны түр хороо байгуулагдаад байна. Тус түр хороо Хөгжлийн банкийг тойрсон асуудлыг хянан шалгах чиг үүрэгтэйгээр байгуулагдлаа. Анхны түр хороог УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлахаар болжээ. Ж.Сүхбаатар гишүүн нь УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан юм.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар “Парламентын түүхэнд анх удаа хяналт шалгалтын механизмыг бий болгож байна. УИХ, байнгын хороод ажлын хэсэг гаргадаг байсан. Парламентын хяналт шалгалтын түр хороо бодсон санаснаа ярихаас илүүтэй нотлох баримтад суурилдгаараа ялгаатай. УИХ-ын гишүүдийн санаа бодлоос илүү гэрчийг дуудна, шинжээч томилно, нотлох баримтыг тал бүрээс нь ярина.
Бидний гол ажил бол зээл олголт, эргэн төлөлт, төслийн хэрэгжилтийг шалгаж, хуулийн хүрээнд ажиллана. Бид өөрсдөө хуулийн заагийг давахгүй байх ёстой. Энд нам гэж байхгүй. Манай, танай намын хулгайч гэсэн асуудал байхгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн шаардлагатай тохиолдолд цөөнхийн бүлэг түр хороог даргалах боломжтой. Харин Хөгжлийн банкны асуудалд МАН өөрөө санаачилгатай ажиллаж байгаа учраас эрх баригчдын төлөөлөл даргалах шаардлагатай гэж үзжээ.
УИХ-ын Хянан шалгах Түр хорооны бүрэлдэхүүнд
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Э.Батшугар
УИХ-ын гишүүн Н.Ганибал
УИХ-ын гишүүн Т.Доржханд
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр
УИХ-ын гишүүн Д.Батлут
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар багтаж байна.
УИХ-ын Хянан шалгах Түр хороо нь:
-нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах
-нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх
-гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих
-шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах
-санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх зэрэг бүрэн эрхтэй юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ