Монгол Улс 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгасан. Улмаар ирэх сарын 01-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ. Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар манай улс эрүүл мэндийн нэгдсэн дататай болох юм. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, эрт оношилгооны зохион байгуулалтын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдтой ярилцлаа.
Бүх иргэний эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн бэлтгэл ажил дууссан уу? Хэрхэн зохион байгуулах вэ?
-Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн тушаалаар хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоо зохион байгуулах журмыг баталсан. Үүнтэй холбогдуулан ЭМДЕГ-аас эрт илрүүлэг, үзлэг оношилгоог санхүүжүүлэх журмыг баталж, ЭМД-ын үндэсний зөвлөлөөр 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцүүлж, ЭМД-ын үндэсний зөвлөлийн тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор нийт хүн амыг зургаан насны бүлэгт хувааж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах багцыг баталж өгсөн. Үүнийг ХЗДХЯ-наас нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэсэн.
Энэ удаагийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг “Эрүүл мэнд үндэсний баялаг” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэгт өмнө нь 18-аас дээш насны иргэдийг хамруулдаг байсан бол энэ жилээс 0-18 хүртэлх насны иргэдийг ч мөн хамруулж байгаагаараа онцлогтой. Мөн нас насны ангилалд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг илрүүлэх шинжилгээнүүдийг хийнэ. Хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгт амны хөндийн болон нүдний хараа шалгах үзлэг нэмэгдэж байгаа бол насанд хүрэгчдийн шинжилгээнд цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохими болон багажийн шинжилгээнүүд нэмэгдсэн.
Нэг иргэний урьдчилан сэргийлэх үзлэгийн өртөг ямар байх вэ?
-Өмнө нь нэг иргэнд 43.000-75.000 төгрөгийн өртөгтэй эрт илрүүлэг, оношилгоо хийдэг байсан. Харин энэ удаа
18-30 насны иргэн 60.000 төгрөг
31-45 насны иргэн 130.000 төгрөг
46-60 насны иргэн 150.000 төгрөг
61-ээс дээш насны иргэн 140.000 төгрөгийн багцын шинжилгээнд тус тус хамрагдана.
Энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгээр иргэн нийт хэдэн шинжилгээнд хамрагдах боломжтой вэ?
-Энэ удаа хүүхдийг 0-5 хүртэлх нас, 6-17 нас гэсэн хоёр багцад хувааж байгаа. Ингэхдээ 0-5 насны хүүхэд нь эрт үеийн илрүүлэг болон амны хөндийн илрүүлэг гэсэн үндсэн үзлэгт хамрагдана.
Нэгдүгээрт, Хүүхдийн насны онцлогт тохирсон эрт үеийн илрүүлэг эрсдэлийн үнэлгээ хийнэ. Үүнд, эмчийн үзлэг, биеийн хэмжилт, мэдрэхүй эрхтний үзлэг, сэтгэцийн хөгжил, зан үйлийн эрүүл мэндийн үнэлгээнүүд хийгдэнэ.
Хоёрдугаарт, Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө хийнэ. Үүнд, шүдний үзлэг, гажгийн зөвлөгөө, эрүүл ахуйн зөвлөгөө, шүд угаах аргачлал зэргийг зааж өгнө.
6-17 насны хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хүүхдийн эрт үеийн илрүүлэг, сүрьеэ, сэтгэцийн үнэлгээ, амны хөндийн эрүүл мэнд гэсэн үнэлгээнүүд багтана.
Хүүхдийн насны онцлогт тохирсон эрт илрүүлэг, үзлэг, эрсдэлийн үнэлгээнд эмчийн үзлэг бие махбодийн хэмжилт, мэдрэхүй эрхтний үзлэг, хараа сонгол шалгах, сэтгэц, зан үйл болон халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ хийгдэнэ. Халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ гэдэгт хүүхдийн сүрьеэгийн илрүүлгийн асуумж судалгаа хийнэ. Асуумж судалгаагаар сүрьеэгийн ямар нэгэн эрсдэлтэй байвал дараагийн шатны эмнэлэгт шилжүүлж, рентген зураг, цэрний шинжилгээ зэрэг шинжилгээнүүд хийгдэнэ. Мөн сэтгэц зан үйлийн эмгэг тодорхойлох үнэлгээ хийнэ. Мөн амны хөндий, шүд, гажгийн үнэлгээ, эрүүл ахуйн зөвлөгөө, шүд угаах аргачлалын талаар заавар зөвлөмж өгнө. Гэхдээ хүүхэд бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй. Тодруулбал, 9,18,36,48,60 сартай хүүхэд эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Насанд хүрэгчдийн багцыг
18-30 нас
31-45 нас
46-60 нас
61-ээс дээш нас гэсэн ангиллаар авч үзэж байгаа.
18-30 насны иргэдэд бэлгийн замаар дамжих халдвар, B,C гепатит илрүүлэх шинжилгээ, сүрьеэгийн шинжилгээ хийнэ. Халдварт бус өвчний хувьд зүрх судасны эмгэг, хоол боловсруулах замын эмгэг илрүүлэх замаар зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг, эрсдэлийн үнэлгээ зэрэг шинжилгээнүүд хийнэ. Мөн биохимийн шинжилгээ цусны ерөнхий шинжилгээ тус тус хийнэ. Нэмэлтээр 30 настай эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх шинжилгээ хийнэ.
31-45 насны иргэдэд бэлгийн замын халдвар, сүрьеэ, гепатит, чихрийн шижин, бамбайн эмгэг илрүүлэх, улаан хоолой, ходоод умайн хүзүү, элэг, хөхний хорт хавдрын эмгэг илрүүлэх үзлэг шинжилгээ хийгдэнэ.
46-60 насны иргэд дээр дурдсан шинжилгээн дээр нэмэгдээд бүдүүн шулуун гэдэсний хавдрын эрсдэлийг тодорхойлох шинжилгээ хийнэ. Мөн улаан хоолой, ходоод, хөх, элэг, уушги, умайн хүзүүн хавдрыг илрүүлэх шинжилгээ хийнэ.
Урьдчилан сэргийлэх үзлэгийг хэдий хугацаанд зохион байгуулах вэ?
-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээг улсын хэмжээнд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны тавдугаар сарын 01 буюу жилийн хугацаанд зохион байгуулна. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд тухайн орон нутгийн хүн амын өвчлөл, онцлогоос шалтгаалсан зохион байгуулалт хийж ажиллана. Тодруулбал, иргэн бүрт харьяа нутаг дэвсгэрийн өрхийн эрүүл мэндийн төв болон сумын эрүүл мэндийн төвөөс нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах урилга цахимаар хүргүүлнэ. Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгийн эхний шинжилгээнд хамрагдсан өдрөөс хойш 20 хоногийн хугацаанд бүх үзлэгт хамрагдах ёстой.
Бүх иргэний урьдчилан сэргийлэх үзлэгийн үед эрүүл мэндийн байгууллагын үндсэн тусламж үйлчилгээнд доголдол, ачаалал үүсэхгүй гэж үү?
-Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулсан. Тодруулбал, 11 аймаг, 4 дүүрэгт эрүүл мэндийг дэмжих төв байгууллаа. Мөн Улсын I,II,III төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэг зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд үндсэн үйлчлүүлэгчдээс тусад нь дэмжих төв байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгийг үндсэн тусламж үйлчилгээндээ ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулж байна. Мөн хүрч очиход бэрхшээлтэй орон нутгийн иргэдэд явуулын амбулаторийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Эрүүл мэндийг дэмжих төв нь иргэдийг ирсэн даруйд нь бүх шинжилгээг хийж үйлчлэх зохион байгуулалт хийж ажиллана. Энэ чиглэлээр ЭМЯ-наас тодорхой чиг үүргийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар байгууллагуудад хүргүүлж байгаа.
Урьдчилан сэргийлэх үзлэг хийх эмнэлгүүдийг хэрхэн сонгон шалгаруулах вэ?
-Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг эрт илрүүлэг үзлэг оношилгоонд оролцож болно. Ингэхдээ тухайн эрүүл мэндийн байгууллага нь ЭМДЕГ-аас сонгогдсон гэрээ байгуулсан эмнэлэг байна. Иймд тавдугаар сарын 01-нээс өмнө эрт илрүүлэг үзлэг шинжилгээ оношилгоо хийх эмнэлгийн нэрсийг олон нийтэд зарлана. Ер нь аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүд бүгд эрт илрүүлэг оношилгоо хийнэ. Мөн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцоно. Хүүхдийн эрт илрүүлэг үзлэг үзлэг шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төв болон сумын эрүүл мэндийн төвд хийгдэнэ.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэшсэн эмч нарын хүрэлцээ ямар байна вэ?
-ЭМЯ-наас улсын эрүүл мэндийн байгууллагын эмч нарын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоотой холбоотой дахин сургах үйл ажиллагаа явагдаж байгаа.
Эрүүл мэндийн сайдын тушаал болон ЭМД-ын үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан үзлэг шинжилгээг хэрхэн яаж хийх аргачлалаар эмч нарт сургалт орж байгаа. Одоогоор давхардсан тоогоор нийт 7000 орчим эмч эмнэлгийн ажилчид сургалтад хамрагдаад байна. Үндсэн тусламж үйлчилгээ хийгдэнэ. Дээр нь эрт илрүүлэг, үзлэг оношилгоо хийгдэх учраас тухайн эрүүл мэндийн байгууллага маш сайн зохион байгуулалт хийж ажиллах талаар үүрэг чиглэл хүргүүлээд ажиллаж байгаа.
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэд урьдчилж цаг захиалах боломжтой юу?
-Урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотой эрүүл мэндийн байгууллагын цахимжуулалтын ажлыг өргөн хүрээнд шийдэж байна. Өөрөөр хэлбэл иргэд цахимаар харьяа дүүрэг, аймгийнхаа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд үзлэгийн цаг авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн 119 дугаарын утсаар эрт илрүүлэг, үзлэг оношилгоотой холбоотой лавлагаа мэдээллийг өгч ажиллана.
Мөн тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж, ажиллах хүчний байдлаас харгалзан урьдчилан сэргийлэх үзлэгийн хуваарьт зохион байгуулалт хийж болно. Тиймээс иргэд та бүхэн харьяа эрүүл мэндийн газруудаас гарах үзлэгийн хуваарийг анхаараарай.
Ярилцсанд баярлалаа.
Г.Мичидмаа