Р.Энхзаяа: Би 18 настайгаасаа татвар төлөгч, ажил олгогч болсон

Р.Энхзаяа: Би 18 настайгаасаа татвар төлөгч, ажил олгогч болсон

Залуу манлайлагчдын төлөөлөл Р.Энхзаяатай ярилцлаа. Тэрбээр “HELLO UB” ТББ-ын үүсгэн байгуулж, соёл урлагийн арга хэмжээг сурталчлан таниулах ажлыг хийж гүйцэтгэдэг юм.

 

-Сайн байна уу? Сэтгэл догдлуулсан нартай өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа Энхзаяа гэж хэн болох, нийгэмд эзлэх байр суурь нь яг ямар хүн бэ гэдгээс эхэлье.

 

- Сайн байна уу намайг Раднаабазар овогтой Энхзаяа гэдэг, 23 настай “HELLO UB” ТББ-ын үүсгэн байгуулагч. 18 настайгаасаа татвар төлөгч, ажил олгогч болж ажиллаж байгаа нийгмийн идэвхтэй залуусын нэг байна.

 

- “HELLO UB ТББ нь яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг , хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байгууллага вэ?

 

-Манай байгууллага Соёл урлагын арга хэмжээнүүдэд сошиал маркетинг хийж, арын албанд гэрээгээр хамтарч ажилладаг урлагт хайртай залуусын нэгдэл. Яг одоогийн байдлаар 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Цар тахлын хөл хорионы өмнө 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад соёл урлагийн үйл ажиллагаанууд цөөрсөн учраас ажиллах хүчээ багассан байгаа.

 

 

-Байгууллага нь тогтвортой үйл ажиллагаа явуулаад хэр удаж байгаа вэ? Анх төрийн бус байгууллага байгуулах санаа хэрхэн яаж төрж байв?

 

-Сурагч байхдаа өөрийн гэсэн орлоготой болохын тулд маш олон цагийн, хагас цагийн заримдаа өдрийн гэх мэт ажлуудыг хийж байсан. Харамсалтай нь залуу туршлагагүй хүмүүсийг авч ажиллуулаад цалин хөлсийг нь өгдөггүй, хөдөлмөрийг нь үнэлдэггүй байдалтай өөрийн биеэр тулгардаг байсан. Оюутан болохдоо соёл урлагийн менежер гэдэг мэргэжлийг сонгоод энэ талын хамгийн амжилттай залуу ажил олгогч болно гэсэн том зорилгыг тавиад энэ ажлыг эхлүүлж байлаа.

 

Нэгдүгээр курсээсээ ажлаа эхэлж, тогтвортой таван жил үйл ажиллагаага явуулж байна. Анх 2017 онд өөрийн FACEBOOK хаяг дээрээ хамтран ажиллах 18-25 насны залуучуудыг урьж байна гэж бичихэд ганцхан хүн хандсан. Түүнээс хойш найзууд, хүрээлэл дундаасаа сонирхлоороо нэгдэн, зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

 

 

-Ажил олоход хүндрэлтэй байсан уу? Байгууллагууд хэрхэн хүлээж авч байв? Нууц биш бол хамгийн анхны ажил нь ямар ажил хийж, түүнээсээ хэдэн төгрөгийн ашиг олж байсан бэ?

 

-Хамгийн анхны ажлаасаа хорин мянган төгрөгийн цалин авч байсан. Анх ажил олдохгүй, бидэнд итгээд өндөр хөлстэй ажил олгох байгууллага байгаагүй. Уйгагүй гүйсний эцэст уран бүтээлчийн тоглолтын ажилд багаараа ажилласан. Бид тоглолтын сурталчилгааг хийж, арын албанд цалингүй ажиллах санал тавьсан. Учир нь ажлын туршлагатай болох нь бидний гол зорилго байсан.

 

-Хэзээнээс ажлын үр дүнгээ мэдэрч эхлэв. Ажилчдын тоо, хамтарч ажиллах санал зэрэг нь  хэзээнээс нэмэгдсэн бэ?

 

-Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс яг нэг жилийн дараа би дахиад өөрийн цахим хаягтаа хамтарч ажиллах залуусыг урьж байна гэж бичсэн. Тэр үед 30-40 залуус ирсэн. Хамтран ажиллах саналууд ч  тэр үеэс нэмэгдсэн.

 

-Ямар ямар ажил хийж гүйцэтгэв, жишээ дурдвал?

 

-Миний эзэмшсэн мэргэжил бол соёл урлагын менежер. Мэргэжлийхээ дагуу нийслэлийн Соёл урлагын газар, Хүүхэлдэйн Театр, нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагатай хамтарч наадмын талбайн үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Мөн Хүүхдийн баярын үйл ажиллагааг хариуцаад ажиллаж байлаа. Бид бас “Мөнх Тэнгэр” гэдэг олон үндэстний урлагийн томоохон наадамд ажилласан.

 

 

- Та 18 настайгаасаа эхлээд ажлын туршлага хуримтлуулж, ажил олгогч болсон. Таныг харж үлгэр дуурайлал урам зориг авдаг, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх зорилготой, мөрөөдөлтэй  олон залуус байгаа байх. Тэр залууст өөрийхөө амьдралын хэв маяг, амжилтын талаар зөвлөгөө өгөөч.

 

-Бүх ажлыг эхлүүлэхэд хүнд бэрхшээлтэй байдаг. Чин сэтгэлээсээ хүсч байгаа л бол ЭХЭЛ гэж л хэлмээр байна. Би хамгийн анх энэ чиглэлээр ажиллахаар шийдээд ганц тамга гэрчилгээтэй, гэхдээ хийх ажилгүй сууж байлаа. Нэгэнт эхлүүлсэн, зорьсон учраас тасралтгүй ажиллаж, өнөөдөр тодорхой хэмжээнд амжилт гаргасан. Тиймээс юун түрүүнд эхлэх нь чухал. Дараа нь өөрийн зөв мэнтороо олох хэрэгтэй. Олны танил, олон дагагчтай бүхэн мундаг мэнтор биш. Тухайн салбартаа амжилттай ажилласан зөв хүнийг л олох хэрэгтэй. Тэгсэнээр заавал бүхнийг өөрийн биеэр туулахгүйгээр цаг хэмнэх боломжтой. Дараагийн алхам бол хамт эхлэх багаа маш сайн бүрдүүлэх шаардлагатай. Нэг зорилго, харсан өнцөг хамтдаа байж амжилт ирнэ.

 

-Ажил эрхэлдэг ч өөрийгөө хараахан олоогүй, зорилго нь тодорхойгүй залуус таниас зөвлөгөө авч, ярилцах эсвэл хамтарч ажиллах сонирхлоор холбогдвол та хүлээж авдаг уу?

 

-Ийм асуудлаар найзууд, дүү нар надад ханддаг. Тэр болгонд би аль болох тусалж, дэмжин  нээлттэй байхыг хичээдэг. Би хүмүүсийг дуртай хүлээж авдаг учраас санаа зоволтгүй, холбогдоорой гэж хэлмээр байна.

 

Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

Б.Намуунзаяа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ