УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуулийг эцэслэн баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Тагнуулын байгууллагын шинэчлэгдсэн хууль Монгол Улсын Зэвсэгт хүчний тогтолцооны гажуудлыг арилгасан чухал хууль болсон”-ыг онцлон тэмдэглэж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний үндсэн бүтцэд байсан цэргийн тагнуулыг газрыг ТЕГ-т шилжүүлсэн гажуудлыг энэ хуулиар заслаа. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд зэвсэгт хүчний мэргэжлийн тагнуулын тогтолцоо алдагдаж, мэргэжлийн тагнуулчийн залгамж халаа алдагдсан. Энэ долоон жилийн хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчин цэргийн тагнуулын байгууллагагүй байлаа. Энэ бол цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нүд, чихгүй болсонтой адил байв.
Энэ хууль батлагдсанаар ЗХЖШ-ын үндсэн бүтцэд цэргийн мэргэжлийн тагнуулын нэгжийг шинээр байгуулна. Бүх нэгтгэл, анги, салбаруудад тагнуулын мэргэжлийн албад байгууллагад, мэргэжлийн албан тушаалтнууд томилогдоно. Ингэснээр Монгол Улсын ҮАБЗ, төр засгийн удирдлагуудыг олон улсын цэрэг, улс төрийн нэн шаардлагатай мэдээллээр хангах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдана” гэсэн мэдээллийг өгөв.
Зэвсэгт хүчний тагнуулын үйл ажиллагаа зогссоноор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ямар нэг аюул занал учирсан тохиолдолд хор уршгийг бүрэн мэдрэх байсан. Мөн төрийн өндөрлөгүүдийг олон улсын болон бүс нутгийн мэдээллээр хангах тогтолцоо алдагдаад байсныг салбарын сайд нэмж хэллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |