Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хөгжлийн банкны зээлийг төлөхгүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Кью эс си” компанитай байгуулсан концессын гэрээг цуцалж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх, хөрөнгийг төрд шилжүүлэн авах шийдвэрийг гаргасан юм. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийт зургаан ажлыг хийж гүйцэтгэхээр тусгасан уг концессын гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 04 өдөр байгуулжээ. Гэрээнд зааснаар
-Жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах
-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэж, өргөтгөх шинэчлэх
-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах ёстой ч энэ ажлуудыг одоо болтол хийгээгүй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Засгийн газрын санаачилгаар концессыг цуцалсан гэдгийг Сангийн сайд тайлбарлалаа. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас концесс эзэмшигч "Кью эс си” компанид нөхөн төлбөр олгохгүй юм байна.
Энэ концессын гэрээ байгуулах явцад хууль зөрчсөнийг АТГ-аас тогтоож, Засгийн газарт мэдэгдсэн байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хүчин чадлыг өргөтгөх гэрээг ажлын туршлагагүй, байгуулагдаад удаагүй байсан “Кью эс си” компанитай байгуулахдаа хууль зөрчиж, удирдлагаас өгсөн хууль бус үүргийг биелүүлсэн нь тогтоогдсон гэдгийг АТГ-аас мэдэгджээ.
Концессын гэрээний хугацаанд “Кью эс си” компани 2.8 сая тонн төмрийн баяжмал, 6.8 сая тонн төмрийн хүдрийг экспортолсон байна.
Хөгжлийн банкны зээлийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК биш “Кью эс си” компани авсан аж. Тиймээс Хөгжлийн банкны зээлийг “Кью эс си” компани өөрөө төлөх үүрэгтэй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ