С.Амарсайхан: Д.Эрдэнэбилэгийн схем энэ улсыг дампууруулах хэмжээнд хүрсэн байна

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Д.Эрдэнэбилэг эзэнтэй Худалдаа хөгжлийн банкинд оролцохгүй салбар, ороогүй үйл ажиллагаа байхгүйг хэлж байна. Шадар сайд "Налайхын нүүрсний уурхайг хувьчилж, аваад дампууруулж, балгас болгосон. Багануурын уурхайн хувьцааг авсан, Хөтөлийн цементийн үйлдвэр, Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд энэ байгууллага, энэ хүмүүст оролцоогүй салбар байна уу. Яагаад нэг хэсэг нь төр, хуулийн дээгүүр хууль зөрчиж хулгай хийгээд, улсын стратегийн бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбаруудыг эзэгнэсэн. Дээр нь банк дампууруулах хэмжээнд хүргэсэн. Хөгжлийн банкны чанартай 1.5 их наяд төгрөгийн зээлийн 1/3-ийг авчихаад өнөөдрийг хүртэл төлдөггүй.
Төрийн өмчийг дээрэмдэн, хулгайлж аваад байгаа нь бидний хүсээд байгаа эрх тэгш, шударга нийгмийн тогтолцоо мөн үү. Иргэдийн 90 гаруй хувь нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг, бизнес хийнэ гээд дампуурдаг, зээл аваад хүүгээ төлж чаддаггүй, амь, амьдралаараа хохирч байгаатай эвлэрч, харсан ч хараагүй мэт явсаар улс нь эзэнгүй, иргэд нь өмч хөрөнгөгүй, орлогогүй яваад байх уу.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг харъя. Төмөрлөгийн цогцолбор барина гэж 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилж авсан. Концессын гэрээний хугацаа 2018 онд дуусах хүртэл юу ч хийгээгүй. Хийсэн ажил нь төмөр зам. Миний авсан мэдээллээр 40 тэрбум орчим төгрөгөөр төмөр зам бариад 90 сая ам.доллараар төрд буцаагаад зарсан.
Өнөөдрийг хүртэл уурхайгаас 1.8 их наядын 5 сая гаруй тонн төмрийн хүдрийг зөөгөөд гарчихсан байна. Нэг биш, зуу биш 1000 цэцэрлэг барих хэмжээний мөнгө.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ 50-60 мянган тонн арматур үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр үйлдвэрлэл нь энэ хэмжээнд хүрэхгүй байна. Ажиллаж байсан үйлдвэрийг ашиггүй мэт харагдуулж авдаг, авсан хойноо санхүүгийн луйварын схем гаргадаг. Үүнийгээ ашиглаад төрийн дараагийн өмч рүү ордог. Үүнийг өөгшүүлж, толгойг нь илээд байвал энэ улс юу болох уу. Зохион байгуулалттай, нарийн схем нь энэ улсыг дампууруулах хэмжээнд хүрсэн байна.
Энэ тогтолцоо энэ хэвээр яваад байвал цөөн хүн амтай, хоёр том гүрний дунд байдаг манайх шиг улс оршин тогтнох уу, үгүй юу гэдэг асуудалтай тулгарна" хэмээн хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүйгээ илэрхийллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ