Д.Ганбат: Эрх баригчид дутуу боловсруулсан, түүхий хууль УИХ-д оруулж ирлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан АН-ын бүлгийн санал дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа.
...Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж буй бодлогын толь байдаг. Манай зах зээлд валют хомстсон нь өнгөрсөн хугацаанд экспортоо хийж чадаагүйтэй холбоотой. Энэ нь Монголын төр хийх ажлаа хийхгүй байгаагийн хангалттай жишээ юм.
Үүсээд буй нөхцөл байдалд бодит дүгнэлт өгч, шийдэл танилцуулахын оронд эрх баригчид дутуу боловсруулсан, түүхий хуулийг УИХ-д оруулж ирлээ. Энэ нийгэмд үүссэн нөхцөл байдлыг шийдэж буй мэт дүр эсгэх, хариуцлагаас зугтаж буй хэлбэр төдий юм.
Үнийн өсөлт нь эрх баригчдын дунд, урт хугацаанд хэрэгжүүлж буй бодлогын алдааны тусгал байдаг. Үнийн өсөлтөд гадаад нөхцөл байдал нөлөөлж байгаа ч дотоодын шалтгаан хамгийн жинтэй нөлөө үзүүлдэг. Эрх баригчдын УИХ-д өргөн барьсан бодлого, Засгийн газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа үнийн өсөлтийг өдөөж буй талаар АН-ын бүлгээс удаа дараа сануулсан.
“Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийн нэрнээс уншвал мах, гурилын нөөц бүрдүүлэх замаар үнийн өсөлт буулгана гэж ойлгогдоно. Монгол Улсын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн гурван бүтээгдэхүүнээр тооцдоггүй. Тус хуулийн зорилго, зорилт бүрхэг, хүрэх үр дүн нь тодорхойгүй, тооцоо судалгаагүй, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээ нь тодорхойгүй, хариуцлага хяналтын механизмыг орхигдуулсан олон алдаа байна.
..Хамгийн эхэнд тээврийн асуудалд анхаарах ёстой. Тээврийн гацаа, өндөр төлбөрийг бууруулж байж инфляцийг бууруулах боломж гарч ирнэ. Экспортод гардаг түүхйи эдийн урсгалыг нэн даруй сэргээх хэрэгтэй байна. Ингэдэл валютын урсгал нэмэгдэж, ханшийн асуудлыг шийдвэрлэж болно. муу хууль хямралыг улам гааруулж, даамжруулах магадлалтайг сануулъя. Яаруу сандруу түүхий хуулиар үүссэн нөхцөл байдлыг аргалж, хариуцлагаас зугтах бултах гэж оролдох шаардлагагүй.
Гоё ганган уриа лоозонд мөнгө цацаж, элдэв амлалтаар иргэдийг тархийг угаахын оронд хямрал далласан бодлогоо нэн даруй засах, үнэ ханш тогтворжуулах бодит ажил хийхийг та бүхнээс шаардаж байна" хэмээн мэдэгдэж, тав хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ асуудлыг нэн яаралтай хэлэлцэхээр захирамж гаргасан" гэдгийг тайлбарлаж, 30 минутын завсарлага өглөө.
АН-ын бүлгийн завсарлага дуусч, хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа: АН завсарлага авъя гэтэл даапаалж, шоолж байна. Ард түмэн та нарыг шоолж байна. МАН ажлаа хийж чадахгүй байна, ажлаа хийгээч гэж байна. Бид биш та нар ичих ёстой. Та нар бусад улс орноос ичээч. Адилхан л ковидын нөхцөл байдалд орсон, олон улсын хүнд байдалд ч орсон. Гэтэл эдийн засаг нь өссөн орнууд олон байна. Чили, Урагвай улсууд 22 000 км-ын цаанаас зэсийн баяжмалаа Хятад руу зөөгөөд болоод байна. Манайх 200 км давуулаад нүүрсээ өгч чадахгүй байна. ийм арчаагүй байдлаа АН руу чихэх шаардлага байхгүй.
-2012-2016 онд хэрэгжүүлсэн АН-ын Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ? Сөрөг байдлыг яаж бууруулах вэ? Орлого олох нэг ч эх үүсвэр, экспортыг нэмэгдүүлэх санал алга. Ямар ч тоо алга. Мах, гуриланд хэдийг, хэзээ өгөх вэ?
Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа: 2012-2016 онд хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс хэдхэн том ялгаатай. Тухайн үед Монголбанк мөнгө хэвлэж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2012-2015 онд төгрөгийн ханш суларч, бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Бид үүнийг хууль болгож оруулж байна. Монголбанк Засгийн газраас үүрэг чиглэл авч хэрэгжүүлсэн биш иргэд, УИХ-аар хэлэлцүүлж, Засгийн газар, Монголбанкны үүрэг оролцоог тодорхой болгосноороо ялгаатай. Энэ хууль энэ жилдээ хэрэгжээд дуусна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 2015, 2016 онд АН үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд инфляцийг анх удаа 1.6 руу оруулж байсан. Эргэн төлөлт нь 98 хувьтай байсан. ААН-үүдэд арилжааны банкаар дамжуулан зээл олгож, хариуцлагыг нь үүрүүлж байсан. Төсвийн байнгын хорооны дарга өчигдөр Монголбанкийг мөнгө хэвлэх гэж байгааг хэлсэн. Мөнгө хэвлэх үү?
Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа: Үнээн, инфляци 1.6 хувьд хүрсэн. Гэхдээ энэ нь эрэлт байхгүй, эдийн засаг хүндэрсэнийг илтгэсэн. 2016 оны III улиралд эдийн засгийн өсөлт -1.4 хувь хүртэл буурч, агшсан. Тухайн үед ковид гараагүй, дэлхий хямарсан дайн болоогүй байсан.
Хуулийн найруулгадаа мөнгө хэвлэх ойлголт төрүүлэхээр бичсэн байна. Банкаар дамжуулан олгох биш банкны эх үүсвэрээр олгоно. Ипотекийн зээл, 10 их наядын зээл өгч байгаа зарчмаар зээлийн хөнгөлөлтийн зөрүүг төсөвт тавьж, төсвийн тодотголыг батлуулна.
Ийн гишүүд асуулт асууж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ