Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хэмнэлтийн тусгай горимд шилжлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг жагсагчдын өмнө танилцууллаа.
-
Гол нэрийн бүтээгдэхүүн мах, гурил, шатахууны үнийг зохицуулах хуулийн төслийг 04 дүгээр сарын 15-ны дотор эцэслэн батлахаа УИХ мэдэгдлээ.
-
ЦЕГ, ТЕГ-ын удирдлагууд Засгийн газрын хуралдаанд оролцож, жагсаал цуглаантай холбоотой саатуулагдсан иргэдийг бүгдийг гаргасан мэдээллийг өглөө.
-
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийн ялыг наймаалцахгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхийг хууль хяналтын байгууллагынханд мэдэгдлээ. Шийдвэрлэхгүй бол Засгийн газар иргэдтэйгээ хамтран тэмцэнэ.
-
Засгийн газар хэмнэлтийн тусгай горимд шилжсэн тогтоолыг сэргээсэн. Төрийн албан тушаалтнууд хотод том оврын машин ашиглахгүй байх, албан тасалгаанд мкв-ын шалгуур тавих, бусад асуудлаар хэмнэлт хийнэ. МЗХ-ны байр болон бусад хөрөнгийг шамшигдуулсан эсэхийг шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн.
-
Нийгмийн даатгал, НӨАТ, сонгуулийн хар машин, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг цуцлах зэрэг асуудлыг УИХ-тай хамтран ажиллахаас өөр аргагүй. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын удирдлагуудад хэлсэн.
-
Урт хугацааны асуудлууд байна. Эрчим хүч, Улаанбаатар хотын түгжрэл, шүүх, тогтолцооны асуудлыг шийдэхийн төлөө олон нийттэй хамтран Засгийн газар ажиллана.
Монголчууд бид эвлэлдэн нэгдэхдээ өөдлөн дэвжиж, талцан хуваагдахдаа уруудан доройтдог гэдгийг эцэг өвгөдийн маань буурал түүх бидэнд харуулсан. Та бид эвтэй байж, Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болж байгаа эрчим хүч, боомт, аж үйлдвэрийн том асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын 40 их наяд төгрөгийн эдийн засгийг 100-120 их наяд төгрөгт хүргэхийн төлөө хамтран ажиллах ёстой. Ингэж байж эдийн засгийн хувьд бие дааж, тусгаар тогтнолоо баталгаажуулна. Засгийн газар чадах бүхнээ хийх болно.
Үндсэн хуулиа хүндэтгэж, тайванаар эвлэлдэн нэгдэж чадсан шигээ, тайвнаар тарахыг хүсье" гэлээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ