Б.Жавхлан: Бид хөрөнгө оруулагчдыг үргээсэн, буцаасан, цөөхөн баярлуулсан
Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны үндсэн хэлэлцүүлгийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан “Хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр тавилаа.
Сангийн сайд "Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш бид хөрөнгө оруулагчдыг ярьж, урьж ирсэн. Энэ хооронд амжилттай явсан төслүүд ч бий. Гэхдээ алдсан төслүүд нь их. Хөрөнгө оруулагчдын гомдоосон, үргээсэн, буцаасан, цөөхөн баярлуулсан байдаг. 2010 оноос хойш эдийн засаг дахь хөрөнгө оруулалт маш их савалгаатай явж ирлээ. 2011 онд хөрөнгө оруулагчдын шууд хөрөнгө оруулалтын үр дүнд ДНБ 17 хувиар өсөж, дэлхийд гайхагдаж байсан. 10 жилийн дараа 2020 онд -5 хувийн эдийн засгийн цөмрөлт амссан. Энэ хооронд 22 хувийн ДНБ-ий савлагаа байсан гэсэн үг. Ийм орчинд төсөв, мөнгөний бодлого явж ирлээ.
Бидний гол алдаа бол хөрөнгө оруулалт өндөр, эдийн засгийн өсөлттэй үед төсөв, мөнгөний бодлого мөчлөг сөрж чадаагүй. Дагаад мөнгө, төсвийн бодлогоо тэлсэн, хуримтлал бий болгож чадаагүй. Эдийн засгийн уналтыг сөрөх нөөцөө бүрдүүлж чадаагүй. Ингэснээр савлагаа бий болж, дараагийн хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй эдийн засгийн орчин гэсэн ойлголтыг бий болгосон" гэдгийг онцоллоо.
Монгол Улсад 1990 оноос хойш нийт 35.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 70 хувь нь уул уурхайн салбар, 17 хувь нь худалдаа үйлчилгээ, 3 хувь нь банк санхүү, 6 хувь нь бусад салбарт орж иржээ.
Мөн тэрбээр цар тахлын үед эдийн засгаа аварч үлдэж чадсанаа хэлж байна. "Сүүлийн жилд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аварч үлдэх бодлого барьж, үр дүн гарсан. 2021 онд эдийн засаг 1.4 хувийн өсөлттэй гарсан. Бид эдийн засагтаа ч вакцин хийж, эрүүл мэндээ ч вакцинжуулсан. Бизнесийн салбарт төсвийн бодлогоор дамжуулан 4.7 их наяд төгрөгийн эм, вакцин хийлээ. Хүүхдийн мөнгө, татвар, хөнгөлөлт, тог цахилгааны мөнгөнд нийт төсвийнхөө 20 хувьтай тэнцэх хөрөнгө буюу маш үнэтэйгээр эдийн засгаа бэртэл багатай авч үлдэж чадсан" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ