Л.Оюун-Эрдэнэ: Монголын төр, засаг туйлын идэвхтэй ажиллаж байна

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж байна.
Монгол Улс 2050 он хүртэлх урт хугацааны бодлогоо дэвшүүлсэн. 2050 он хүртэлх зорилгодоо хүрэхийн тулд зургаан зүйлийг шийдэхээс өөр гарцгүй.
-
Боомтын сэргэлт
-
Эрчим хүчний сэргэлт
-
Аж үйлдвэрийн сэргэлт
-
Хот, хөдөөгийн сэргэлт
-
Ногоон хөгжил
-
Төрийн бүтээмжийн сэргэлт
Монгол Улс далайд гарцгүй учраас экспортын 90 хувь нь 3 боомтоос, импортын 90 хувь нь 2 боомтоос хамаарч байна. Манай улс тээвэр логистик тал дээр асар их сул талтай.
Дулааны станцуудын ихэнх нь ачааллаа даахаа больсон. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэг ордог ч газар нутгийнхаа 0.3 хувьд хүн амын 50 хувь нь амьдарч байгаа нь хот хөдөөгийн тэнцвэргүй байдлыг бий болгож байна. Авлигын индекс, цөлжилт зэрэг олон асуудал хөгжлийг боомилж, хязгаарлаж байна.
Монгол Улс 40 орчим их наяд төгрөгийг хамтдаа бүтээж байгаа. Гэвч хөрөнгө оруулалтад 20 орчим хувийг ч зарцуулж чадахгүй байна. Учир нь урсгал зардалд 80 хувь буюу 9.4-9.5 их наяд нь зарцуулагддаг. Төсвийнхөө орлого биш зарлага талд маш их анхаарал хандуулсан. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол концевци нь 40 л байгаа ДНБ-ийг маш богино хугацаанд 120-150 их наяд буюу 2-3 дахин тэлэхэд оршиж байна. Өнөөдөр 4.5 мянган ам.доллар байгаа ДНБ-ийг 10-12 мянган ам.долларт хүргэнэ.
Хэрвээ бид Шинэ сэргэлтийн бодлого дээр бүх нийтээрээ хөдөлж чадвал цаг хугацааг 3-4 дахин товчилж, олон жил хүссэн зорилготой хүрнэ.
Боомтын сэргэлт:
Монгол Улс хуурай замын 42, агаарын 4 боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Одоо автозамын 7, төмөр замын 3, агаарын 1 боомт ажиллаж байна. Боомтын хүчин чадлын 3 дахин нэмсэнээр экспорт 2025-2028 онд 14 тэрбум ам.доллар, 2029 оноос 20 тэрбум ам.доллар хүрч, тээвэр логистикийн гацаа арилна.
Эрчим хүчний сэргэлт
Бид газрын доорх ертөнцдөө хөрөнгө оруулж чадахгүй удсан. Улаанбаатар хотын ДЦС 3, 4, Дархан, Эрдэнэт, Дорнод зэрэг төвлөрсөн дулааны станцуудын насжилт 35-60 жил болсон. Цахилгаан дамжуулах шугамны насжилт 42-62 жил байна. Үүний 40 орчим хувийн ашиглалтын хугацаа дууссан. Дэд бүтцээ дагасан арга ядсан төлөвлөлттэй байгаа учраас Улаанбаатар түгжирч байна. Тиймээс Богд уулын тойрсон дэд бүтэц, аж үйлдвэрийн сэргэлтийн томоохон дэд бүтцийн ажлуудыг эхлүүлнэ.
ДЦС 2, 3, Чойбалсан, Амгалангийн ДЦС-ын ажил энэ жилдээ эхэлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС бэлтгэл ажлаа хангасан. УИХ-аар иргэдийн нөхөн олговрын асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Эгийн голын УЦС-ын асуудлыг ярьж байгаа.
Аж үйлдвэрийн сэргэлт
Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байна. Экспортын 92 хувь уул уурхайн бүтээгдэхүүн. 31 хувь нь зэсийн хүдэр, 30 хувь нь чулуун нүүрс, 11 хувь нь алт, 10 хувь нь төмрийн хүдэр байна. Энэ дөрвөн бүтээгдэхүүн дээр Монгол Улсын эдийн засаг тогтож байна. Тиймээс хэрхэн аж үйлдвэржиж, нэмүү өртөг шингээх үү гэдэг том асуудалд анхаарах хэрэгтэй болж байна. Мөн ХАА, газар тариалангийн салбарт томоохон өөрчлөлт хэрэгтэй байна.
Монгол Улс байгалийн баялгийн 90 хувийг боловсруулахгүй экспортолж, эргээд гаднаас 90 хувийн боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авдаг. Энэ тогцолцоог аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд өөрчлөх боломж байна.
Хот, хөдөөгийн сэргэлт
Монгол Улсад хэт төвлөрлийн асуудал байна. Их дээд сургуулийн 90 хувь, худалдааны үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, ААН-үүдийн 76 хувь, автомашины 84 хувь нь Улаанбаатар хотод байна. Жилд 60 мянга буву нэг аймгийн иргэнтэй тэнцэх хүн Улаанбаатарт ирж суурьшиж, 35-40 машин шинээр нэмэгдэж байна. Тиймээс хотын асуудлыг шийдэхийн тулд хөдөөд хөрөнгө оруулалт хийх эрхзүйн цогц шинэчлэлийг хийнэ. Төвлөрлийн алдагдсан боломжийн өртөг 1 тэрбум ам.долларыг давсан.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засаг, ажлын байртай уялдуулна. Улаанбаатарыг нэг тулгуур, хоёр зам тойрсон дэд бүтэцтэй болгоно. Хөшигийн хөндийг дагуул хот болгон хөгжүүлнэ.
Ногоон хөгжил
Говийг усжуулахаар Хэрлэн тооно Хөх морь зэрэг төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллахад Засгийн газар бэлэн байна. ТЭЗҮ-ийг шинэчилж байна. Ногоон хөгжилд тулгуурлан шинжлэх ухаан, технологи, инноавацийн томоохон хандлагыг авчрах давуу тал байна.
Төрийн бүтээмжийн сэргэлт
Төрийн бүтээмжийн асуудал боомтын сэргэлтийн өмнө тавигдах асуудал. Монгол Улс авлигын индексээр 35 оноотойгоор 110 дугаар байранд жагсаж байна. Цахим өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан нэг байраар урагшилсан. Ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах том зорилтыг тавьж байна. энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн байна.
Улс төрийн намын тухай хууль, төрийн албаны бүтцийг шинэчлэхээр болж байна. Монгол Улсын төрийн бүтэц данхгар учраас цалин нэмэх боломж байдаггүй. Урсгал зардлаа дийлдэггүй. Энэ асуудлыг цогцоор нь эргэж харж, бүтцийн реформ хийнэ. Төрд чадварлаг, цомхон бүтэц ажиллах ёстой.
Монгол Улс далайд гарцгүй. Гэхдээ Монгол Улсын оюун санаа хэзээ ч түгжээтэй байгаагүй. Нийт хүн амын 60-70 хувь нь оюунлаг, шинэ залуу иргэд. Бидэнд үсрэнгүй хөгжих олон боломж бий. Цар тахал, геополитикийн нэн амаргүй үед байгаа ч Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд тэлэх боломжтой төлөвлөлтүүдийг Засгийн газар хийсэн. Монголын төр, засаг туйлын идэвхтэй ажиллаж байгаа. Монгол Улсын эдийн засаг хөгжиж, сайн засаглал бүрдэхэд өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийх итгэл үнэмшилтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ