Г.Занданшатар: Валютын нөөцийг хоёр тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломж байна

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр шийдэж, хуралдаанд оролцсон 57 гишүүний 75,4 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуулийн төсөл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэллээ.
Тэрбээр "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Засгийн газар өргөн барьсныг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ хуулиар бензин шатахуун, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомстол үүсэхээс сэргийлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зохицуулалтууд туссан. Гишүүдийн зүгээс эм, эмнэлгийн хэрэгсэл, бусад гол нэрийн стратегийн хүнсний бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон чухал санал гаргасныг дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахыг Эдийн засгийн Байнгын хороонд чиглэл болгов.
Мөн гурван асуудалд анхаарлаа хандуулахыг гишүүдээс хүслээ. Нэн тэргүүнд Монголбанк болон сайд нарын мэдээлэлд үндэслэж нийгэмд зөв дохио, мэдээлэл хүргэх, валютын ханшийн эрсдэлийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх асуудалд зүй зохистой хүлээлт үүсгэх шаардлагатайг тодотгож байлаа.
Валютын ханшийн эрсдэлийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол арга зам нь экспортыг нэмэгдүүлэх явдал гэдгийг УИХ-ын дарга онцлохын зэрэгцээ алт олборлолтыг нэмэгдүүлэх нь чухал. Энэ талаарх зохицуулалт хуулийн төсөлд туссан гэв.
Г.Занданшатар дарга хэлсэн үгэндээ, Оюутолгой ХХК дөрөвдүгээр сард багтаан 450 сая ам долларыг оруулж ирэх бөгөөд 50 хувийг Монголбанканд тушааж, үлдсэнийг үнэ хаялцуулах зарчмаар арилжааны банкуудад нийлүүлдэг байсан бол одоо 100 хувь Монголбанканд тушааж, валютын нөөцийн зузаатгал хийхээр ярилцаж байна. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-нь 300 сая ам долларын гэрээ хийж байгаа. Үүнийгээ Монголбанканд тушааж зузаатгал хийх хэрэгтэй. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-т 50.000 гаруй тонн буюу 100 сая ам долларын баяжмал бэлэн байна. Үүнийг яаралтай борлуулах арга хэмжээ авах шаардлагатай байна. Нийтдээ хоёр тэрбум ам доллароор валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байгааг онцлон тэмдэглээд энэ асуудалд Засгийн газар, Монголбанк холбогдох байгууллагууд шуурхай ажиллахыг анхааруулсан.
Мөн тэрбээр, Хэмнэлтийн асуудлаар өмнө хэлсэн үгээ дахин давтаж хэлмээр байна. Миний хэлсэн үгийг “ард түмний бүсийг чангалуулах” гэлээ гэж мушгисан. Үнэндээ бол валютын нөөцөө хэмнэж, ханшаа тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлт, шинэ сэргэлтийг хангахын тулд нийт улс орон даяар хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай. Дэлхий дахин ийм хэмнэлтийн горимыг хэрэгжүүлж эхэлснийг онцлон тэмдэглээд хэмнэлтийг дээрээсээ буюу төрийн байгууллагаас эхлэх ёстой. Эхний ээлжинд төрийн бүх шатны байгууллагууд төсвийн зарцуулалтаа дахин хянаж, тэвчиж болох бүхий л зардлыг танах хэрэгтэй. Ахмад настны тэтгэвэрийг нэмж, 630 тэрбум төгрөгөөр төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг танасан. Энэ нь хэмнэж болох боломж байсныг харуулсан. Үүнээс ч илүүг хэмнэх бололцоо байна гэв.
Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хяналт шалгалтын Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүн өргөн барьсныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгохын зэрэгцээ хяналт, шалгалтын ажил анх удаа шинэ шатанд гарч байгааг онцлов. Түүнчлэн төрийн бүх шатны байгууллагын дарга, сайд нарт авлигал албан тушаалын хэргээс ангид ажиллахыг сануулаад дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарлаа хандуулж, зөв оновчтой шийдвэр гаргахын төлөө хичээж ажиллахыг гишүүдэд уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ