Г.Ёндон: Оюутолгой 700 мянгаас нэг сая тонн зэсийн баяжмал гаргаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын тухай Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн санал хураалтыг явуулна.
Намрын чуулганаар Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан юм. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлэг хуралдаж, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр нэгдсэн байр суурьт хүрсэн. Тиймээс өнөөдрийн хуралдааны эхэнд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр санал хураалт явуулж, дараагийн асуудалд оръё” гэсэн горимын санал гаргалаа.
Түүний саналыг гишүүд дэмжсэнээр Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийн санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын өргөн мэдүүлсэн Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
...100 жилийн ойтой золгож буй эрдэс баялгийн салбар ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.
..Улсын нэгдсэн төсвийн дийлэнх хувийг эзэлдэг нүүрсний хэрэглээ цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, эрчим хүчний сэргэлтээс үүдэн буурах хандлагатай байна. Мөн ирээдүйд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины хэрэглээ нэмэгдсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсөж, газрын ховор элементын хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай байгаа бол гангийн хэрэглээ өсөх төлөвтэй байна.
...Эрдэс баялгийн түүхий эдийн дэлхийн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан салбарын бодлогыг хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт гэсэн цогц зарчмаар тодорхойлж байна. Энэ бодлогын хүрээнд хуулийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж, олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд худалдах зарчмыг баримтлан ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдлаа.
Мэдээлэлтэй холблогдуулан АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэллээ.
Өнгөрсөн оны байдлаар ДНБ-ий 24 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, улсын төсвийн орлогын 30 очим хувь буюу 4 их наяд төгрөгийг эрдэс баялгийн салбар бүрдүүлжээ.
...2021 онд болон энэ онд зэсийн үнэ 10 мянган ам.долларыг давж, коксжих нүүрсний үнэ 600 ам.доллар хүрсэн ч манай төрийн өмчит компаниудын борлуулалт дэндүү бага байлаа. 2020 онд Монгол Улсын эдийн засаг сүүлийн 25 жилд байгаагүйгээр -5.3 хувиар агшиж, өнгөрсөн жил ердөө 1.4 хувийн өсөлттэй гарчээ.
Бид 200 км туулж, түүхий эдээ нийлүүлж чадахгүй байхад Чили, Перу зэрэг улсууд 20 мянган км-ыг туулж, зэс, зэсийн баяжмалаа БНХАУ-д нийлүүлж, улсынхаа эдийн засгийг 13 хувиар өсгөж чадсан байна. Монгол Улс төмөр замаа тавьж, экспортын бүс нутгаа ковидгүй байлгах төрийн үүргээ биелүүлж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг 2-3 дахин тэлэх алтан боломж байлаа.
...Сүүлийн жилүүдэд УИХ-аар батлуулсан дунд, урт хугацааны бодлого, хөтөлбөрүүд тооцоо судалгаа дутуу, бодит байдалтай нийцэхгүй, залгамж чанаргүй, төсөвтэй уялдаагүй, санхүүжилт нь тодорхой байсаар ирлээ" гэдгийг АН-ын бүлгийн дарга хэллээ.
Мэдээлэлтэй холбогдуулан цөөнхий бүлгийн гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Оюутолгой жилдээ хэдэн тонн зэсийн баяжмал гаргадаг вэ? Цэвэх зэс рүү шилжүүлбэл хэд вэ? Далд уурхай ашиглалтад орвол яаж өөрчлөгдөх вэ?
-Эрдэнэт байгуулагдсан Бэрэнгийн арматурын үйлдвэр боссон уу?
-Дарханы уул уурхай, металлургийн үйлдвэр босох уу?
-Газрын тосны үйлдвэр Дарханы зам шиг болох вий. Түүхий эдийг хаанаас авах вэ?
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Өнөөдрийн байдлаар Оюутолгой 700 мянган тонн зэсийн баяжмал гаргадаг. Гүний уурхай ашиглалтад орохоор 2.1 сая тонн болно. Жилд 5 тонн алт гаргадаг бол гүний уурхай ашиглалтад ороход энэ хэмжээ гурав дахин нэмэгдэнэ.
-Бэрэн группын үйлдвэр нэлээд ажил хийгдсэн. Ширмээ БНСУ-руу экспортолдог. Арматур үйлдвэрлэхэд шаардлагатай 2-3 дамжлага нь байхгүй. Тиймээс УУҮХЯ-наас Хөгжлийн банкинд хандаж, дэмжлэг туслалцаа үзүүлж, зээл олгохыг хүссэн. Зээл олгох асуудал яригдаж байгаа, ойрын үед шийдэгдэнэ.
-Газрын тос боловсруулах үйлдвэр 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Монгол Улс 380 сая тонн түүхий тосны нөөцтэй. Ашиглалтын баталгаат нөөц нь 45 сая тонноос өнөөдрийн байдлаар 9 сая тонныг ашигласан. Энэ нөөцийг 1.5 сая хуваавал ойролцоогоор 20 орчим жил үйлдвэрийг түүхий тосоор хангах нөөц байгаа.
-Дарханы металлургийн цогцолбор концессын гэрээгээр явж байгаа. Өмнө хийгдсэн байсан ТЭЗҮ ашиг муутай, хөрөнгө оруулалт өндөртэй байсан. Өнгөрсөн жил УУХҮЯ-наас ТЭЗҮ-ийг шинэчилж, батлагдсан. Жилд 350 мянган тонн ган хийц үйлдвэрлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт энэ хавар эхэлнэ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Уул уурхайн салбар 2012 оноос хойш буруу яваад байна. Манай улсад хүнд үйлдвэр гэж байна уу? Би хэдэн макет байдаг гэж хардаг.
Бидний зах зээл өдрөөс өдөрт алслагдаад байна. Яагаад ийм байдалд хүрэв? Сүүлийн үед МАН-ынхны дунд “гөлөг төөрүүлнэ” гэдэг үг гарсан байна. Тэр гөлөг нь Монголын ард түмэн болчихоод байна.
МАН-ын засаглалын үед эдийн засаг өссөнгүй. 2012 онд 12, 13 тэрбум ам.доллар байсан. Одоо яг тэг чигээрээ байна. Хүн ам өсөөд, залуус энэ улсад тогтохгүй байна. Өнгөрсөн онд 30 сая тонн нүүрс гаргана гэчихээд 16 сая тонныг гаргалаа. Энэ жил ярьж байгаа тоо чинь бүтэх үү?
-Оюутолгой яагаад алтаа Монголбанкинд худалддаггүй юм бэ?
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: 100 жилийн түүхэнд Монгол Улсын хайгуул, олборлолтын салбар боломжийн хэмжээнд хөгжиж ирсэн. Гол нь олборлосон бүтээгдэхүүнээ боловсруулахгүй гаргаж, нэмүү өртгөө гадагшаа алдаж байна. Боловсруулах салбар манайд хөгжөөгүй.
Хүнд үйлдвэрийн салбар байхгүй гэж хэлж болно. ДНБ-ий 1.6, аж үйлдвэрийн салбарын 7 хувийг эзэлж байна. Үйлдвэрлэл бараг байхгүй учраас ажилладаг хүн маш цөөхөн. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 0.8 хувь нь энэ салбарт ажилладаг. Эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг хэдий хэмжээгээр боловсруулна, тэр хэмжээгээр татвар нэмэгдэж, ажлын байр бий болж, хамгийн гол нь боловсруулах үйлдвэр хөгжих суурь бий болдог.
Төмөр замгүй учраас олборлосон бүтээгдэхүүнээ олборлож чадахгүй байна. 30 сая тонныг олборлоод 16 сая тонныг экспортолсон. 2022 он гарах мөчид Эрдэнэт үйлдвэрт 100-аад мянган тонн бэлэн бүтээгдэхүүн хуримтлагдсан байсан. Бор өндөрт өнөөдрийн байдлаар 200 мянган тонн бүтээгдэхүүн хуримтлагдсан байна.
-Оюутолгой Монголбанкинд алтаа тушаадаггүй. Учир нь Оюутолгой одоохондоо баяжмал байдлаар гаргадаг. Энэ чиглэлээр нөгөө талтай хэлэлцээ эхэлж байгаа.
Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ