Засгийн газарт эдийн засгийн хүндрэлийг давах хөтөлбөр боловсруулах чиглэл өгчээ

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, коронавирусийн халдварын араас араас үүссэн Орос, Украины дайн Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл хийжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой шийдэл гаргасан. Олон улсын хурцадмал байдлаас үүдэн эдийн засагт хүндрэл үүсч байна. Энэ хүндрэлийг богино хугацаанд давахын тулд УИХ шийдвэр гаргах шаардлагатай гэж үзлээ. Засгийн газарт ойрын үед тодорхой саналуудыг бэлтгэж боловсруулан, УИХ-д оруулж ирэх чиглэлийг өглөө.
Мөн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн байна. Орон сууцны эзэмшлийн газрыг орон суугчдад эзэмшүүлэх зориготой уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх үед гишүүд байр суурь зөрүүтэй байсан. Тиймээс гишүүдийн байр суурийг нэгтгэх үүднээс бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжихээр санал нэгджээ.
-Засгийн газарт эдийн засгийн чиглэлээр ямар чиглэл өгсөн вэ?
-Экспорт, импорт хязгаарлагдмал нөхцөлд явагдаж байна. ОХУ, Европоос ирдэг импорт саатаж байна. Үүнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээ авах шаардлага үүсэж байна. Мөн Орос, Украины дайнтай холбогдуулан дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна. Олон улсын нөхцөл байдал богино хугацаанд өөрчлөгдөж байгаагаас эдийн засагт тодорхой хэмжээний хүндрэл үүсч байна. Үнийн хөөрөгдөл үүсч байна. Долларын ханш яригдаж байна. Шатахууны үнэ нэмэгдэж, төлбөрийн асуудал яригдаж байна. Ийм нөхцөл байдлууд үүсч байгаа учраас тодорхой дүгнэлт хийх шаардлагатай. Одоогийн нөхцөл байдал цаашид удаан үргэлжлэх тооцоог олон улсын судлаачид үзэж байна. Тиймээс Монгол Улс хүндрэлийг даван туулах хөтөлбөр, чиглэл гаргах хэрэгтэй гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ