Оросын ЭСЯ-наас АН-ын мэдэгдэлд хариу өглөө

ОХУ-ны Элчин сайдын яамны албан ёсны хуудаст өчигдөр "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампын зөвлөхийн Украины тухай ярьсан мэдээллийг оруулахдаа монголчуудад анхааруулга өгсөн нь олны дургүйцлийг төрүүлэв.
Үүнтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргаж, ОХУ-ын ЭСЯ-ны мэдээллийг маш бүдүүлэг, дипломат ёсонд нийцэхгүй, Венийн конвенцыг зөрчсөн хэмээн буруутгасан. Оросууд энэ мэдэгдлээрээ Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон учраас тайлбар хийж, уучлалт гуйхыг АН шаардсан юм.
Тэгвэл ОХУ-ын Элчин сайдын яамнаас АН-ын мэдэгдэлд өнөөдөр хариу өгчээ. ЭСЯ-ны албан ёсны цахим хуудаст нийтэлсэн хариу мэдэгдэлд Монгол Улсын болон АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүйн дээр Венийн конвенцийг ч зөрчөөгүй хэмээн үгүйсгэжээ. Мөн АН-ынханд Украинд явуулж буй Оросын ажиллагааны талаар тайлбар өгөхөд бэлэн байгаагаа дурджээ.
ОХУ-ын ЭСЯ өчигдөр гаргасан анхааруулга мэдээллээ монгол хэлээр нийтэлсэн бол өнөөдөр АН-ын мэдэгдэлд хариу өгөхдөө оросоор бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ