Б.Цэнгэл: Төр алдагдсан хөрөнгөө эргүүлж авч байна

ТӨБЗГ-аас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрийн өмчид авч байгаатай холбогдуулан хаалттай байсан мэдээллүүдийг ил болгож байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “...Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хорооны хурал сая болж өндөрлөлөө. Хорооноос тогтоол гаргасан. Тодруулбал, 2015 онд УИХ, Засгийн газрын шийдвэр гарсны дараа ТӨБЗГ-ын шийдвэр гарч өмч хувьчлалын холбогдох шийдвэрийг гаргасан байсан. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрийг өнөөдөр ТӨБЗГ хүчингүй болгож байна. Ингэснээр Засгийн газрын тогтоол бүрэн утгаараа хэрэгжиж, хувьчлалын үйл ажиллагааг цуцалж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнтэй уялдуулан зарим зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авахаар тогтоолд тодорхой зааж өгсөн. Хэвлэлийн хурлын дараа Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажлын хэсэг ажиллана.
...Анх 1983 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж байсан. Өөрийн гэсэн шохойн чулууны хоёр ордтой, үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн, боловсон хүчнээр бүрэн хангагдсан байсан. Үүнийг 2001 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болгож, өөрчлөн байгуулж байсан. Зах зээлийн нийгэмд шилжиж байх үед Монгол Улсад цементийн хүрэлцээ хангамж дутагдалтай байсан. УИХ болон Засгийн газрын шийдвэрээр 2010 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөлийн асуудлыг ярилцаж, хуурай аргаар цемент үйлдвэрлэх өргөтгөлийн ажлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтарч хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр тухайн үеийн ЗТБХБ-ын сайд болон Төрийн өмчийн хороон даргын хамтарсан тушаал гарч, төсөлд оролцох хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Улмаар нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндэсний хөрөнгө оруулагч “Бейзмент” ХХК-ийн санал илүү байна гэж үзээд шалгаруулжээ. Үүнээс гурав хоногийн дараа дээрх компанитай 10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ ажил гэрлийн хурдаар зохион байгуулагдсан.
Ингээд “Бейзмент” ХХК төсөл хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын ... компанитай хамтарч ажилласан. Төслийг хэрэгжүүлэхэд өөрийн эх үүсвэр болон тухайн үеийн “Улаанбаатар” банк, “Худалдаа хөгжлийн банк”-аас 39.5 сая ам.долларын зээл авч, хэрэгжүүлсэн. Ингээд 2014 онд үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажил дуусаж, ашиглалтад орсон. Ингэснээр Монгол Улсад хуурай аргаар цемент үйлдвэрлэх үйлдвэрийн шугам ашиглалтад орсон.
2015 онд УИХ-ын 70 дугаар тогтоол, Засгийн газрын 330 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны шийдвэр гарч дээрх “Бейзмент” ХХК-д хувьцаа эзэмших эрхийг олгосон.
Төсөл хэрэгжүүлэгч компани 61.9 сая ам долларын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлсэн. Харамсалтай нь төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөөгүй. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк болон бусад банкуудын зээл болон зээлийн хүү, алданги нийлээд 355 тэрбум төгрөгт хүрсэн.
Хэдийгээр өчигдөр шийдвэр гарсан хэдий ч бэлтгэл, судалгааны ажил урт хугацаанд үргэлжилсэн. АТГ болон бусад хууль хяналтын байгууллага хамтарч ажиллаж байна.
...“Бейзмент” ХХК нэрээ өөрчилж "Хөтөл" гэдэг нэртэй болсон. 2012 онд Хөгжлийн банкнаас 61.3 сая ам.долларын зээлийг тухайн үеийн “Бейзмент” ХХК буюу одоогийн "Хөтөл" компани авсан. Тус компани хариуцагч этгээдгүй болсон. Бид очиж төрийнхөө өмчийг хүлээж авна. төр алдагдсан хөрөнгөө эргүүлж авч байна. Өвч хувьчлал буруу явсныг залруулж байна. Төр гаргасан буруу шийдвэрээр залруулж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ