Б.Энхбаяр: Хуулийн дээд байгууллагуудын хооронд маш том “зодоон” болж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын хуулийн дээд байгууллагуудын удирдлагын хооронд “зодоон” болоод буй талаар ярилаа.
Тэрбээр “Манай улсын хяналтын бурхан тэнгэр нь ҮХЦ. Хамгийн дээд хяналтыг ҮХЦ хийдэг. Хуулийг хүчингүй болгож, төрийн тэргүүнийг ч огцруулах эрхтэй. Хяналтын дээд хэлбэр тунгалаг байж чадвал дээрээс эхлээд доошоо хүртлээ Үндсэн хуульт ёс хангагдаж, хүний эрх хамгаалагдана. Хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байна.
Бид шүүхийн хууль баталсан. Шүүхийн хуульд ҮХЦ-ийн гишүүний ор гарвал УДШ 30 хоногийн дотор хуралдаж, нэр дэвшүүлнэ гэж заасан. ҮХЦ-ийн даргын тэтгэвэрт гарах нас нь өнгөрсөн учраас дээд шүүх УИХ-аас баталсан энэ хуулийн дагуу цэцийн гишүүний орон тоог зарласан байна. Гэтэл ҮХЦ-ийн дарга “хууль надад үйлчлэхгүй, тэтгэвэрт гарахгүй” гээд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. Хамгийн дээд байгууллагуудын хооронд маш том зодоон болж байгааг бид анзаараагүй байна. Энэ Үндсэн хуулийн хямрал руу түлхэнэ. Бид үүнийг анхаарахгүй орхиж болохгүй.
Улсын дээд шүүх хамтын удирдлагын байгууллага. ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчийг нийт шүүгчээрээ хэлэлцэж, тогтоолоо зарладаг. Гэтэл нэг хүн дээр нь хэрэг үүсгэчихэж. ҮХЦ ийм байж болдог уу? УИХ-аас баталсан хуулийг ҮХЦ зөрчсөн гэвэл Г.Занданшатар даргад хэрэг үүсгэж байна гэсэн үг. Хуулийг хамтаараа баталсан байхад нэг хүн дээр нь хэрэг үүсгэж байна. Үндсэн хуулиас давсан алхмууд гарч ирлээ. Үндсэн хуулийн дээд байгууллага Үндсэн хуулийнхаа дээр гараад, ямар үйлчлэх, үйлчлэхгүйг ярьж байна.
Монгол Улсын төрийн бүх албан хаагчдад тэтгэврийн нас яг адилхан үйлчилдэг. Гэтэл цэцийн даргад үйлчлэхгүй гэж байна. Ийм зарчимгүй үйлдэл болоод байгааг Х.Нямбаатар сайд мэдэж байгаа юу? хэмээн салбарын сайдын байр суурийг асуулаа.
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Ийм зүйл болсон юм билээ. ҮХЦ-ийн дарга Н.Чинбатыг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Улсын дээд шүүхээс тухайн орон тоон дээр сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас гаргаж, процесс явагдаж байхад ҮХЦ-ийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн процессыг зогсоосон байна.
2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Т Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Батсүрэнд хэрэг маргааны асуудлаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байна. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Т-д дүгнэлт бичих үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн байна. Дараа нь 06 дугаар сарын 02-ны өдөр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ганзориг томилогдсоны дараа иргэн Т дээрх асуудлаар дахин дээд шүүхэд хандахад мөн л дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Энэ асуудалд ҮХЦ хэрэг үүсгээд, ирэх долоо хоногийн даваа гаригт их суудлын хуралдаанаар эцэслэн шийднэ. Уг асуудлаар Үндсэн хууль зөрчигдсөн гэсэн шийдвэр гарвал Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэх нөхцөл байдалтай байна” гэсэн хариултыг өглөө.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ