Хаяг өөрчлөгдөхөд иргэний үнэмлэхээ солих шаардлагагүй болно

img

Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийн өөрчлөлтөөр регистрийн дугаар, гэрийн хаягийг далдлан иргэний үнэмлэхийн чипэнд суулгана. Харин иргэн бүрт олгосон 12 оронтой тоог ил байршуулах юм. Ингэснээр иргэн шилжих бүрт иргэний үнэмлэхээ солих шаардлагагүй болох юм. Гэхдээ хууль батлагдсанаар иргэн бүр иргэний үнэмлэхээ солих шаардлагагүй. Зөвхөн шинээр авах тохиолдолд шинэчилсэн үнэмлэхийг олгоно гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулгадаа дурдлаа. 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Монгол Улсын иргэн бүрийн иргэний үнэмлэх солигдох нь. Аюулгүй байдлыг хангах нь чухал. Иргэдэд чирэгдэл багатай шийдвэрлээч ээ. Үүнийг яагаад хаягийн асуудлыг шийдэхгүй юм уу. Тэр хаягаар төрийн үйлчилгээ, шуудан явахад боломжгүй байна. Хаягийг хэзээ цэгцлэх вэ?

 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энэ хууль батлагдсанаар Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Бид зардал гарахгүй. Жилд дундажаар 100-120 мянган хүн иргэний үнэмлэхийг шинээр авдаг. Тэр хүмүүс 12 оронтой тоо нь ил, бусад мэдээлэл нь чипэнд агуулагдсан үнэмлэхтэй болно. Жилд дундажаар 250 мянган иргэний үнэмлэхийг шинээр олгоод явахад ойрын 3-4 жилдээ шинэчлэх тооцоотой байна. Улсын төсөв дээр нэмэлт зардал гаргахгүй.

 

Тавдугаар сарын нэгнээс бүх иргэдэд тоон гарын үсгийг компаничилж олгоно. Ингэхдээ цахим санамжинд нь регистрийн дугаар, тоон гарын үсгийг утгыг оруулж өгнө. Мөн төртэй харилцдаг и-мэйл хаягийг давхар олгоно. Энэ хаягаар төрөөс очих мэдээллийг өгнө.

 

Засгийн газраас хаягжилтыг зохицуулах хуулийн төсөл боловсруулах чиглэлийг өгсөн. БХБЯ хуулийн төсөл боловсруулж байгаа. Түргэн тусламж, гал команд очиход ойлгомжгүй хаягуудыг цэгцэлж, үл хөдлөх хөрөнгөд суурилсан дахин давтагдашгүй хаягжилтын асуудал яригдаж байгаа.   

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлтийг талархан дэмжиж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд иргэдэд мэдрэгцэхүйц, хүнд суртал, авлигатай бодитоор тэмцэж байгаа сайн хууль бол Бүртгэлийн багц хууль юм. 2008 онд С.Баярын Засгийн газар бүртгэлийн шинэчлэлийг ярьж байсан. Тэр үеэс олон зуун сая цаасан мэдээллийг цахим болгох суурийг тавьсан.

 

 

Сүүлийн 20 жилийн хугацаанд бүртгэлийн байгууллагад ажиллаж, хэдэн сая хуудас цаасыг цахимжуулж, И Монголиа  системээр дамжуулж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн далд фронтын дайчдад тусгайлан баярлалаа гэж хэлмээр байна.

 

Үүнийг төгөлдөржүүлэх ажлыг Х.Нямбаатар сайд манлайлан хийж байна. Иргэдэд ямар давуу байдал бий болж, хичнээн төгрөг хэмнэж байгааг сайн хэлмээр байна. Цаашид хичнээн мэдээлэл цахимжиж, иргэдэд ямар боломжууд нээгдэж, давуу байдал үүсэх үү?

 

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Одоогоор бид И Монголиа системд 22 төрлийн лавлагаа, 50 төрлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэ үйлчилгээг 2.1 сая удаа авсан байна. Хамгийн багаар тооцоход иргэдээс гарах зардалд 30-40 тэрбум төгрөг хэмнэсэн байна.

 

Тавдугаар сарын нэгнээс тоон гарын үсэг олгохоор үйлчилгээнд маш том ололт гарна гэсэн хүлээлттэй байна. Иргэн цахим орчинд өөрийгөө таниулахаар бидний цахимжуулахад хүнд байсан үйлчилгээнүүд бүгд орно. Бид лавлагаа гаргахаас илүү үйлчилгээ тал руугаа анхаарна. Үйлчилгээ авахын тулд иргэн заавал цахим орчинд танигдсан байх ёстой. Цаашид цахим гарын үсгээр гадаадад зорчих И паспорт олгоно.

 


 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

 

 

Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаанд дурдагдсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын статистикаас үзэхэд 2020 онд 9903 ААН-ийн 9920 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс 62.2 хувийг хянаж шалгажээ.

 

Ковидын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулахын тулд хяналт шалгалтыг түр зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэн хуулийн төслийг боловсруулснаа танилцууллаа.

 

Энэ хуулийн төсөл 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үйлчилнэ. Гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, ААН-ийн гомдол, эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийнэ. Шалгалтаар зөрчил илэрвэл эхний ээлжинд зөвлөн тусалж, сануулгын шаардлага хүргүүлнэ.

 

Энэ хууль Монголбанк, СЗХ, татвар, гааль, НД, ЭМД, хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: ЭМД, НД, татварын хяналт, шалгалтыг гурван жилийн хугацаагаар хойшлуулсан бол бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болох байлаа. Энэ хуулиар ямар шалгалтууд зогсох вэ? Шалгалтууд зогссоноор ямар эрсдэл үүсэх вэ?

 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Чанар, стандартыг сахиагүй ААНБ хариуцлага хүлээдэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Иргэдийн санал гомдлоор төрийн хяналт шалгалт явуулах орчин нээлттэй байгаа. Төлөвлөгөөт хяналт шалгалт зогссоноор чанар, стандарт суларч, монголчлох хандлага руу явах вий гэсэн болгоомж бий.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хяналтын байгууллага эрсдэлд суурилж, хяналтаа тавьдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлийн үнэлгээ гаргаж, эрсдэлтэй ААН-үүдэд шалгалтын давтамжаа ойртуулж, байнга шалгалт хийх ёстой. Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, байгаль орчин, барилга, зам гүүрийн хяналт зогсоход асуудал үүснэ. Санамсаргүй алдаанаас хор хохирол үүсвэл яах юм бэ? Хяналтын байгууллага иргэдийг эрсдэлээс хамгаалдаг. Хяналт шалгалт хийгээгүйгээс улс орон, ард иргэд хохирвол хэн хариуцлага хүлээх вэ гэхээр буруутай этгээд гэж байна. Буруутай этгээд хариуцлага хүлээх нь тодорхой. Тэрийг хянаж шалгах ёстой мэргэжлийн байгууллагууд ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэж болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын чадавхыг сулруулсан ойлгомжгүй асуудал их байна.

 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Засгийн газар хяналт шалгалтын давхардлыг арилгахаар хэд хэдэн ажил зохион байгуулж байгаа. Тавдугаар сард Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг өргөн барина. Нэг ААНБ-д хэд хэдэн хяналт шалгалт давхардаж хийгддэг үйлдлийг бүхэлд нь таслан зогсооно. Мөн Засгийн газар зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлдсэн.

 

Эрсдэлд суурилна гэвэл бүх хяналт шалгалт эрсдэлтэй. Мэргэжлийн хяналтаас гадна 16 субьектын хийдэг төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоож, дарамтыг бууруулъя. ААНБ-ууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хор хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлагаа өөрсдөө хүлээнэ гэсэн хариуцлагын гэрээ байгуулна.

 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Богино хугацааны хууль гаргах шаардлагагүй. Тавдугаар сард Төрийн хяналт шалгалтын хуулийг хэлэлцэх юм байна. Тиймээс богино хугацааны хууль шаардлагагүй. Байцаагч нарынхаа ёсзүй, ёс суртахууны асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Торгох шийтгэх биш зөвлөх тусалдаг, санхуулах хэлбэр рүү оруулах хэрэгтэй. Заавал хууль гаргаж үүнийг хийх шаардлагагүй. Хэдэн хүнд тус болох нэрээр нийт ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, зарцуулалтыг алдагдуулах вий. Мэргэжлийн байгууллагууд, богино хугацааны хууль баталсан УИХ хариуцлага хүлээх үү? Зарим шалгалтыг зогсоовол төрийн хяналт шалгалтын байгууллагын бүтэц өөрчлөгдөж, багасах ёстой. Багасах уу?

 

Богино хугацааны хуулийн оронд УИХ-аас хяналт шалгалтыг багасгах, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэл өгвөл яасан юм бэ. Хяналт шалгалтыг зогсоох нь аюултай шүү. Чанар, аюулгүй байдал алдагдаж, хаягдах эрсдэл үүснэ шүү.  

 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалтын болон холбогдох хуулиудад жилд нэг удаа тогтмол хяналт шалгалт явуулахыг заасан байгаа. Ерөнхий сайд ч бай, хэн нэгэн албан тушаалтан чиглэл өгч, хуулийн үйлчлэлийг зогсоож болохгүй. Бид бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэчихээд уламжлал тогтолцооноосоо салж чадахгүй байгаад би харамсаж байна. Төр зарим чиг үүргээ гэрээгээр хувийн хэвшил, ТББ, итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэх хандлага руу явж байгаа гэдэгт би итгэдэг.

 

Засгийн газар төрийн бүтээмжийг сайжруулахаар ажлын хэсэг байгуулсан, би ахлан ажиллаж байна. Гадны менежментийн байгууллагаар монгол төрийн бүтэц, бүдүүвчийн талаар зөвлөх үйлчилгээ авахаар хөөцөлдөж байна. Хэдийн чинээ бага бүтэц, нөөцөөр ихийг бүтээх нь төрийн бүтээмжийн үндсэн шинэ чанар.

 

Эрсдэлийг гэм буруутай этгээд хариуцана. Төрийн хяналт шалгалтын хуулиар төлөвлөгөөт гэж заасан, жил бүр хийгддэг хяналт шалгалтыг түр зогсооно. Энэ хугацаанд ААНБ-уудтай хариуцлагын гэрээ байгуулна.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Ард түмнээ эрсдэлээс хамгаалж, хяналт шалгалт хийх нь буруу зүйл биш. Төрийн байгууллагууд хяналт шалгалт гэдэг үгийг утгыг алдагдуулсан. Үүнээс болоод хяналт шалгалтыг ард түмэн буруугаар боддог болсон. Мэргэжлийн хяналт бол дампуурсан байгууллага болсон. Тэнд байгаа боловсролын таван байцаагч диплом шалгахаас өөрийг мэдэхгүй. Тэр хүмүүст чинь зөвлөж туслах оюуны потенциал байхгүй. Өгөгдөл байхгүй болохоор хүн хүсээд ч чадахгүй. Эмийн лабораторид малын эмч зогсчихоод хүний эмийг шалгаж чадахгүй. Хяналт шалгалт агуулга биш хүн төвтэй болсон. Бид өнөөдөр зөвлөн туслах гэсэн гоё уриалга гаргаж байгаа ч тэгж чадах потенциал, баг байхгүй. Мэргэжлийн холбооны тухай хуулийг гаргаж, зөвлөн туслах үйлчилгээг мэргэжлийн холбоодод өгье. Төр бүгдийг чаддаг байдлаа болъё.

 

Б.Баасандорж дарга үнэнээ хэл, зөвлөн туслах боломж байна уу?

 

 

МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Зарчмын хувьд Н.Учрал гишүүнтэй санал нэг байна. Мэргэжлийн хяналтын тухай хууль 2002 онд батлагдсан. Төрийн хяналт шалгалт гэсэн нэрнээс эхлээд энэ хуулийн нэр томъёоноос эхлээд засах ёстой. Манай байгууллагад асуудал байгаа. Манай хүмүүс мэргэших ёстой. Одоо 2002 оноороо байгаад байж болохгүй. УИХ, Засгийн газар мэргэжлийн хяналт болон төрийн бусад хяналтыг хэрэгжүүлдэг байгууллагуудын санхүү, нийгмийн асуудал, ажиллах таатай орчин, хууль эрхзүйн орчныг сайжруулж өгөх хэрэгтэй. Анхан шатанд асуудал хүнд байгаа. Үүнээс болоод авлига, албан тушаалын асуудалд орооцолдож байна. Гэхдээ ажлаа үнэнчээр хийж байгаа мянга мянган албан хаагч байгаа. 

 

Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, байнгын хороонд шилжүүллээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Малчин:
Заавал төр гэгч мангаагаар хянуулж байдаг коммунист сэтгэлгээнээсээ Баатарбилэг мэт нь салах цаг даанч хол байна даа. Иймэрхүү гишүүдийг тэр өндөр хөгжилтэй оронд явуулж, цагийн ажил хийлгэж биеэр нь мэдрүүлэх хэрэгтэй. Тэгж байж иргэд, аж ахуйн нэгж нь хариуцлагаа үүрдэг юм байна гэдгийг ойлгоно, эзэн биегүй төрийн хяналт чухал биш.
2022-03-24
Зөрчлийг отож авилга авдаг биш зөрчил гаргахгүйн төлөө хамтардаг хяналт бол төрөөс үйлдвэрлэгч борлуулагчид үзүүлж буй дэмжлэг, хэрэглэгчдийн аюулгүй байдлын баталгаа юм шүү.
2022-03-24
behe:
turiin hynalt ugui bolhoor niigem buur zambraagui boloh busuu? ylanguiya iim ued nuguu banknii luivarchiddaa bolomj gargah geed bn uu?
2022-03-24