С.Одонтуяа: Хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн хугацаанд долоо дахин өсчээ

"Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж буй талаараа мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-УИХ-ын 11 гишүүн санаачилж, "Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсад хийсэн судалгаагаар чихрийн шижин, таргалалт нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. 7-11 насны хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн хугацаанд долоо дахин өссөн байна. Мөн ДЭМБ-аас бүх улс орнуудад хандаж уриалга гаргасан. Аливаа асуудалд гал унтраах маягаар хандах биш урт хугацаанд үр дүнгээ өгөх хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа. Эрүүл мэндийн салбарын хувьд 10-15 жилийн дараа үр дүнгээ өгдөг.
Яагаад чихэрлэг ундааны хэрэглээнд анхаарал хандуулж хуулийн төсөл өргөн барьсан бэ гэхээр чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгаа авахад 68 хувь нь дангаараа ундаанаас авдаг гэсэн тооцоо бий. Тиймээс бид энэ хуулийг өргөн барьж байна. Татварын орлого олох нь чухал биш эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн хууль юм. Уг хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжихээр санал оруулж байна. Учир нь энэ хугацаанд үйлдвэрлэгчид технологийн өөрчлөлт хийх, иргэддээ танилцуулах, хуулийн хэлэлцүүлэг хийх юм.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Монгол хүнийхээ эрүүл мэндийг бодох цаг болжээ. Бид хэтэрхий хоцорч байна. Үүний тод жишээ нь жилд 10.000 хүнийг хоёр өвчнөөр алдаж байна. Хамгийн гол нь Монгол хүн урьдчилан сэргийлж болох өвчний улмаас нас барж байгаа нь өнөөдрийн эмгэнэл. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуулийг гаргая. Энэ нь Монгол хүн эрүүл саруул өвчин зовлонгүй аз жаргалтай урт наслах тухай хуулийн төсөл юм. Өнөөдрийг хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү анхаарсан. Харин нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлийг орхигдуулсан. Үүнийг эрүүл мэндийн салбарын санхүүжилт харуулдаг. Энэ нь Монгол хүн хүнсэндээ анхаарах ёстой, эрүүл саруул дадал хэвшилтэй, идэвхтэй амьдрал руу орохгүй болохгүй гэдгийг харуулж байна. Тиймээс хүүхдүүд рүү чиглэсэн чихэртэй ундааны асуудлыг ярихаас өөр аргагүй нөхцөл байдалд очсон.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ