Э.Бат-Үүл: Хэвлэн нийтлэх эрхээ сэргэх хүртэл өлсгөлөн зарлаж байна

Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарласан талаар өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нар мэдээлэл хийж байна.
Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам “Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсон талаар албан ёсны байр суурийг илэрхийлнэ. Өмгөөлөгчөөрөө дамжуулж илгээсэн захидлыг нь уншиж танилцуулъя.
Тэрбээр, Монгол Улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй.
Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон захидал харилцааны хууль ёсны эрхээ сэргэх хүртлээ өлсгөлөн зарлаж байна.
Монгол Улсын тусгаар тогтносон Ардчилсан эрх чөлөөт орон мөн гэдгийг ойлгодог хүн бүхэн дэмжихийг уриалж байна. Ардчиллын баатрууд, Монголын ардчилсан холбоо дэмжээрэй. Чөлөөт хэвлэлийнхнийг хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалаарай гэж уриалж байна. Ардчилал эрх чөлөөний дуу хоолой болсон жиргээчдийгээ энэ тэмцлийг дэмжээрэй хэмээн уриалж байна.
1990 оноос өмнөх Зөвлөлтийн удирдагчдийн талаар таагүй зүйл хэлсэн хүмүүсийг шоронд хорьдог байсан үе эргэн иржээ. Эх орныхоо шоронд харийханд эзлэгдсэн орны иргэн шиг В.Путиныг шүүмжлээд буруутан болдог бурангуй нийгэм бий болжээ. Колон орны сэтгэлгээтэй байгаа хүмүүс гутамшиг шүү. Би ямар Оросын шоронд хоригдож байгаа юм уу. В.Путин Монгол Улсыг удирдаагүй. Би В.Путины улсад амьдраагүй. Ийм гутамшигт нийгэм бий болохоос сэргийлж, өөрийн итгэл үнэмшлээр эсэргүүцэл илэрхийлж, өлсгөлөн зарлаж байна.
Ардчиллын баатрууддаа хандаж хэлэхэд 1990 оноос өмнөх колон улс чинь сэргэж байна шүү. Үүний эсрэг тэмцээрэй.
Монгол Улсын Засгийн газартаа хандаж уриалж байна. Дайн сунжирвал хүмүүнлэгийн хямрал болно. Гуравдагч хөршүүддээ хандаарай. Надад В.Путины түрэмгийллийг эсэргүүцэх хоёр үндсэн шалтгаан байна.
Нэгдүгээрт, жижиг гүрнийг их гүрэн дур зоргоороо түрэмгийлдэг явдал газар авбал Монгол Улсын тусгаар тогтнол эрсдэлд орно. Жижиг орнуудыг хамгаалдаг олон улсын тогтолцоо нурна.
Хоёрдугаарт, Энэ дайнаас болж Монгол Улсын эдийн засаг хүнд цохилтод орох болоод байна. Монгол Улсын Засгийн газар энхийг эрхэмлэх хэлэлцээр тогтоохыг уриалах ёстой. Засгийн газар эдийн засгийн аюулгүй байдлын арга хэмжээг яаралтай авах ёстой. УИХ-д хандаж 1990 онд Зөвлөлтийн колончлолоос гарч Монгол Улсыг тусгаар тогтносон Ардчилсан, эрх чөлөөт орон болсон гэдгийг одоо хүртэл мэдэхгүй, ойлгоогүй байгаа Улсын ерөнхий прокурорыг авч хэлэлцээч.
Залуучуудаа эр зоригтой бай. Дэлхий нийтийн залуусаас ичээч. Ардчилал бол чиний гэр орон. Ардчиллаа нураавал чи гэрээ нураана. 1990 оноос хойш 32 жилийн түүхэнд анх удаа бурангуй ёс давтагдаж буйг эсэргүүцэж, Ардчилсан монголын иргн би Украиныг өмөөрөх эрхтэй гэж өлсгөлөн зарлаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэж гэв.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ