Х.Нямбаатар: Төр хувийн хэвшлээ дээрэлхэж бүх бизнесийг хийж байна

Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж буй билээ. Өнөөдөр “Төрийн Бүтээмжийн сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. Түүний илтгэлээс төрийн өмчит компаниудын засаглалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэсгийг онцоллоо.
Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад том ахиц гаргахгүй бол бид урагшлахгүй гэдгийг ХЗДХ-ийн сайд хэлж байна. Тэрбээр
...Авлигын индексийг урагшлуулж, авлигатай зоримог тэмцэхийн тулд дараах гурван шийдлийг хийх ёстой гадны зөвлөхүүд бидэнд удаа дараа зөвлөж байгаа. Үүнд:
-
Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тодорхой болгох
-
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг тодорхой болгох
-
ХОМ бөглөдөг албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий хүмүүс татварын тайлан гаргадаг болох хэрэгтэй.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар төрийн хийж болох, болохгүй бизнесийг тодорхой болгоно. Хориглосон чиглэлүүдээр төр дахиж компани байгуулахгүй байх эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар орон нутагт орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудыг хязгааргүйгээр үүсгэн байгуулах эрхийг нээгээд өгчихсөн байгаа.
Өнөөдөр төр хувийн хэвшлээ дээрэлхэн бүх бизнесийг хийж байгаа. Банкны, барилгын, оёдлын, хоолны бүр бохир соруулдаг бизнес ч хийж байна. Хамгийн аймшигтай нь төрийн бизнес алдагдалтай байх нь чухал биш. Харин гүйцэтгэх удирдлагыг цалинтай байлгах чухал байна.
Гэтэл хувийн хэвшил өндөр хүүтэй зээлтэй, зөвшөөрлийн хүнд тогтолцоон дунд бизнесийн тогтвортой бус орчинд ямар ч эрсдэл хүлээдэггүй төрийн компаниудтай эн зэрэгцэн оршин тогтнох гээд хичээж байгаа нь манай улсын гол асуудал болоод байгааг хэллээ.
Б.Энхбаяр: Монгол Улс эдийн засгийн хувьд социалист орон болчихоод байна
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төрийн өмчит компаниудын өнөөгийн нөхцөл байдлын талаар "Төрийн өмчит 160-аад компани байна. Харин орон нутгийн өмчит хэдэн компани байгааг мэдэхгүй. Нэгдсэн тоо байхгүй, хяналтаас гадуур байгаа. Хувийн хэвшлийнхэн төр бизнесийн салбар хувийн хэвшилтэй өрсөлдөж, нухчин дарж болохгүй гэж ярьдаг.
Бид 30 жилийн өмнө чөлөөт эдийн засаг, хүний эрх ярьсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталсан. Монголын ДНБ, бизнесийн салбарт үйлдвэрлэл бүтээж байгаа мөнгөн дүнг харвал төр бараг 90 хувь болчихоод байна. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой гэсэн гурван компанийн эдийн засагт эзэлж байгаа жин нь 90 хувь байна. Хэрэг дээрээ Монгол Улс эдийн засгийн салбарынхаа хувьд социалист улс болчихсон байна. Бид 30 жил чөлөөт эдийн засаг ярьсан, бодит байдал дээрээ социалист улс болчихсон. Ковидын хүнд хэцүү үед энэ бүр тод мэдрэгдсэн. Хувийн хэвшил цаашаа явах боломжгүй болсон. Олон хувийн хэвшил хаалгаа хаасан. Төртэй хамтарсан, төрийн тендерт оролцсон хувийн хэвшил тогтож үлдэх боломжтой эдийн засагтай улс болсон гэдгийг бид өөрсдийн биеэр харлаа.
Одоо цаашаа хуулийн шинэчлэл, цогц реформ хийнэ. УИХ, Засгийн газар, хувийн хэвшил бүгд энэ цогц реформын төлөө явж байна. Дарга хүчтэй байх нь хуулийн үзэл санаа биш. Төр хүчтэй байна, гэхдээ төрд байгаа дарга хүчгүй байна. Төрд байгаа даргын шийдвэр гаргах бүх оролцоог хязгаарлах тухай ярьж байна. Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат, олон нийтийн оролцоотой, хяналттай, авлигагүй засаглалд шилжүүлэх цогц реформ хийгдэнэ” гэсэн байр суурийг илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ