Ж.Мөнхбат: Казиногийн тухай хоцрогдсон ойлголтоо хаяж, зоригтой шийдэх цаг болсон

Үргэлжлүүлэн “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Төслийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь хүн амын төвлөрөл хэтэрсэнийг харуулна. Жилд дундажаар нэг аймагтаа тэнцэх хэмжээний хүн ам нийслэлд оршин сууж, 70-80 мянган машин шинээр нэмэгддэг. Их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй ААН-ийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байна.
...Чингис хаан ОУНБ-ыг түшиглэн 1000 га газарт аялал жуулчлалын цогцолбор, мэдээлэл технологийн кластер, олон улсын санхүү бизнесийн төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр 50-60 мянган ажлын байр шинээр бий болно. Эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай байгуулснаар Хөшигийн хөндийд их, дээд сургуулийн хотхон, үндэсний өв соёлыг хадгалсан ухаалаг эко суурьшлын бүс бий болно. Ажлын байрыг дагаж, 150 мянган иргэн буюу 50 000 иргэн бүхий шинэ суурьшлын бүс байгуулагдсанаар Улаанбаатар хотын түгжрэл 15 хувь, хүн амын нягтаршил 20 хувиар буурна гэсэн тооцоо гарч байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүж Ж.Мөнхбат Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах ажлыг маш шуурхай, өндөр зохион байгуулалттай, хурдтай хийж, Улаанбаатарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэх нь зөв. Хөшигийн хөндийд Шинэ зуун мод дагуул хотыг байгуулахаас гадна бүсүүдийн төвүүдийг байгуулах хэрэгтэй. Төвийн бүс Орхоны хөвөөнд байна зэргээр.
Монгол Улсыг босгох эдийн засгийн гурван том салбар бий. Уул уурхай, ХАА, аялал жуулчлал гэсэн. Манай улсад ирж байгаа 400 мянган жуулчны хэдэн төгрөгийг улс орны эдийн засаг, ард түмний амьдралд шингээдэг бодлогыг барьж, асуудлыг зоригтой шийдэх ёстой. Үүний нэг нь казиногийн хууль. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд бүгд казинотай байна. Боловсрол, эрүүл мэндийн асуудлыг шийдэж, цалин тэтгэвэр нэмэхэд хэрэгтэй. Казиногийн тухай өрөөсгөл, хоцрогдсон ойлголтоо таягдан хаяж, үүнийг зоригтой шийдэх ёстой. Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулахад үүнийг анхаараасай.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Чөлөөт бүс рүү төрийн байгууллагуудыг шилжүүлэх шийдвэр гарсан уу? Эдийн засгийн чөлөөт бүс рүү төр засгийн байгууллагыг шилжүүлэх боломжгүй. Тэгвэл чөлөөт бүс биш суурьшлын бүс болно.
Хөшигийн хөндийн 31 000 га газрын хэдэн мянга га нь эзэмшилд байгаа вэ. Үүнийг яаж чөлөөлөх вэ? Энэ бүсийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөө гарсан уу?
БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат: Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас төрийн зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэр гаргасан. Нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ. Хөшигийн хөндийн Шинэ Зуун мод хотын нэгдсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, 04 дүгээр сард Засгийн газарт танилцуулж, батлуулна. Үүний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна.
Хөшигийн хөндийн 31 000 газрын 10 000 га-д эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Үлдсэн 30 000 га газарт бусад хот сууринг төлөвлөж байна. Нийтдээ 3200 нэгж талбар газар эзэмшилтэй, эхний ээлжинд 223 газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Энэ төслийг дэмжих ёстой. Гэхдээ итгэл төрөхгүй байна. Өмнөх чөлөөт бүсүүд юу боллоо. Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил чөлөөт бүсэд ямар ажлууд хийгдэх вэ? Концесс, зээлээр ямар ажил хийхийг тодорхой хэлж өгөөч. Газар дээрх байшин барихаас өмнө газар доорх инженерийн байгууламжаа шийдээч. Үүнийг яаж хийх вэ? Хоосон газарт хот байгуулна гэж зарладаг. Яг юу хийх нь тодорхойгүй болчих вий.
БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат: БХБЯ-наас Шинэ зуун мод хот болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хүрээнд төлөвлөлтийн ажлуудыг эхлээд хийсэн. Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, дэд бүтцийн ажлуудад 2021 оноос нийтдээ 4.1 тэрбум төгрөг тусгаж, зураг төслийн ажлууд хийгдэж байна. Эхний ээлжинд хийгдэх дэд бүтцийн ажлын зураг 04 дүгээр сард дуусна. Долоон төрлийн дэд бүтцийн ажил хийнэ. Инженерийн бэлтгэл арга хэмжээ, ус, цахилгаан, дулаан, бохир, холбоо мэдээллийн хангамжийн зураг төслийг боловсруулж дууссаны дараа нийт төсвийн хэмжээ гарч ирнэ. Урьдчилсан байдлаар 2022 оны улсын төсөвт 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгуулсан. Бид эхний ээлжинд дэд бүтцийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт татах ажлуудыг хийнэ.
Инженерийн бэлтгэл арга хэмжээнд (үерийн далан, борооны ус зайлуулах шугам сүлжээ) 8 тэрбум
Усан хангамжийн шугам сүлжээнд 19.8 тэрбум
Цахилгаан хангамжид 5 тэрбум
Холбоо мэдээллийн шугам сүлжээнд 0.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Монгол Улс бусадтай хөл нийлүүлэх хэмжээний чөлөөт бүс байгуулж болдгийг харуулах хэрэгтэй. Гэхдээ хийсвэр зүйлсээс зугтах хэрэгтэй. Газрыг замбараагүй олгож болохгүй. Хаана нь юу байхыг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Зам, дулаан, татварын хөнгөлөлт зэргээ хуулийн хүрээнд тодорхой болгох хэрэгтэй. Гаднаас ирсэн болон монголчууд очоод юу хийх үү. Асуудалд прагматик хандах хэрэгтэй. 100 мянган хүнтэй хот байгуулна гэвэл бидэнд ийм мөнгө ойрын хэдэн жилдээ олдохгүй. Хүнгүй суурьшлын бүсэд 100 мянган хүний дулааны цахилгаан станц барих уу.
Чаддаг хүмүүсээр нь менежмент хийлгэх хэрэгтэй. Улстөрчид ороод бүдүүн, нарийн зам ярьдаг шигээ яриад байвал Замын-Үүд, Алтанбулаг шиг болно. Олон улстөрчид олон санаа гаргавал ажил урагшаа явахгүй, хойшоо сунана.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулж, улс орноо хөгжүүлэхийг дэмжиж байна. Гэхдээ нуруугаа авахуулсан морь шиг болчихоод байна. Үүгээр дамжуулж хэн, ямар хулгай хийх бол гэхээр нөгөөх нөхөр л гарч ирж байна. Хөшигийн хөндийн 31 000 га газрын 12 000 нь Майдар хотын эзэмшил. 1/3 нь нөгөө Х.Баттулга. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг юм байна. Төмөр зам ярьж, яг л улс орныг хөгжүүлэх гэж байгаа мэт яриад байсан. Майдар гээд 10 жил зураг үзүүллээ. Улс хот байгуулах гээд байна уу, хувь хүн хот байгуулах гээд байна уу. Дандаа улсын нэр барьж хулгай хийдэг, яг улс хийх гэж байгаа мэт.
Намайг дэд сайд байхад Майдар хотыг хятадуудаар бариулна гэж Засгийн газарт орж ирсэн. Дараа нь Майдарын газрын нөхөн олговорт улсын төсвөөс 50 тэрбум төгрөг гаргана гэж. Хувь хүний байгуулах гэж байгаа хотын мөнгийг татвар төлөгчдөөс гаргах гээд байгаа юм уу. Эргэлзээтэй олон асуулт байна. Тиймээс 31 000 га газрыг зураг дээр харуулж, ард түмэнд ойлгомжтой болгомоор байна. Майдарын 12 000 га газар нь яг хаана вэ? Дамбын Хишигээгийн 500 га газар аль нь болох, чөлөөт бүс байгуулах 1000 га газар хаана байхыг зураг дээр харуулмаар байна.
Шүүх, төрийн алба оролцож, үгсэн тохиролцсон хуйвалдаан байна. Энэ эргэлзээг тайлахгүй бол нөгөө хүн хулгай хийх нь гэсэн бодол хэвээр үлдэнэ.
Гишүүд асуулт асууж, хариултаа авлаа. Санал хураалтаар гишүүдийн 58.8 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Хуулийн төслийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулж байна.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд байгалийн баялаг нийт ард түмэн, төрийн өмч байхыг асуудлыг тусгасан. Газрын доорх болон дээрх баялаг ард түмний өмч байх ойлголтыг Үндсэн хуулинд заасан. Гэтэл өнөөдрийн хуулинд энэ асуудал хөндөгдөөгүй байна. Газрын дээрх баялагт орж байгаа Улаан номонд орсон ховор ан амьтдыг аялал жуулчлалын нэрээр олон жил агнаж, нууц тогтоол гаргаж, бүхэл бүтэн мафийн систем бий болгосон. Үүний зохицуулалтыг хуулийн төсөлд яагаад тусгаагүй вэ?
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: БОАЖ өнөөдрийн байдлаар 22 тусгай зөвшөөрөл олгож байгаа. энэ зөвшөөрлүүдийг 04 дүгээр сард багтаан бүгдийг цахимжуулж, ил тод болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар таван зөвшөөрлийг ил тод болгож, нийтэд зарлана.
Ан агнуур, аялал жуулчлалын чиглэлээр бүх мэдээллийг ил тод болгохоор ажлын хэсэг ажиллаж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Орон нутгийн удирдлагууд шийдвэр гаргаж, нөхөн сэргээлт хийдэг. Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийж, шинээр газар ухдаг гомдол санал их ирдэг. Үүнийг хянаж чадаж байна уу?
Улсын хэмжээнд жилд хичнээн га талбайд нөхөн сэргээлт хийгдэж байгаа вэ? Стандарын дагуу, чанартай үр дүнтэй хийж байна уу?
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсын хэмжээнд зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай, эвдэрч сүйдсэн 30 000 га газар бий. 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 8000 га газрыг нөхөн сэргээхээр тусгасан. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийж, эхний ээлжинд 2300 га газрыг нөхөн сэргээхээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй. Б.Бат-Эрдэнэ сайдын өмнөх сайд өргөн барьсан. Энэ хуулийн төслийг өргөн барьсны дараа УИХ Нийтийн мэдээллийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар зохицуулах гэж байгаа харилцааг бид Нийтийн мэдээллийн тухай хуулиар хуульчилсан. Одоо хэлэлцэж байгаа асуудлыг бид 3 сарын өмнө хууль болгоод баталчихсан. Яагаад баталсан хуулиа хэлэлцээд байгаа юм бэ?
Өмнөх сайд Н.Уртнасан яагаад тусдаа хууль оруулж ирснийг би сонирхож судалсан. БОАЖ гадны олон төсөл хэрэгжүүлдэг юм байна. Энэ төслийн хүрээнд хуулиудад өөрчлөлт оруулна гээд гаднаас мөнгө авдаг бололтой. Миний сонссоноор тусгай хамгаалалттай хууль хийнэ гээд нэг тэрбум төгрөг зарсан юм шиг байна. Нэг өгүүлбэртэй хууль хийнэ гээд гаднаас хэдэн төгрөг авсан бэ?
УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын 02 дугаар тогтоолоор Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл болгосон. Нийтийн мэдээллийн тухай хуулиар ерөнхийд нь хуульчлагдсан ч ИТХ-д тайлагнах тухай зохицуулалтын механизм нэмж орж ирж байгаа. Мэргэжлийн байнгын хороо болох БОХХААБХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бусад хуулиар баталгаажуулах ёстой. Энэ хүрээнд хэлэлцэж байгаа гэж харсан. Гэхдээ Н.Энхбаяр гишүүний хэлж байгаа шиг хуулиудын давхардал, хийдлээ Засгийн газар харж, болохгүй бол УИХ хянаж үзээд илүү ажил хиймээр байна. Иргэний мэдэх эрхийг баталгаажуулж байгаа нь сайн боловч бид иргэний мэдэх эрхийг Нийтийн мэдээллийн хуулинд тусгаж өгсөн.
10х10 хэмжээтэй газарт байшин барих гэсэн иргэнээс байгаль орчны үнэлгээнд 800 мянган төгрөг авч байна. Дахиад үүнтэй холбоотой нэг үнэлгээнд 800 мянга, нийлээд 1.6 сая төгрөг болно. Ард иргэдийн цалин хөлс нэмэгдэхгүй байхад яагаад ийм их мөнгө аваад байгаа юм бэ? Газрын наймаачдаас газар худалдаж авсан иргэдэд дарамт учруулдаг нь ямар учиртай юм бэ?
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны удирдлагын газрын дарга А.Энхбат: Монгол Улсад байгаль орчны үнэлгээний эрхзүйн орчин бүрдсэн. 10х10 хэмжээтэй газрын үнэлгээг сайн ойлгохгүй байна. Төсөл дээр үнэлгээ хийдэг. Төлбөрийг мэргэжлийн байгууллагууд тогтоодог. Төрийн захиргааны төв байгууллага үнэ мөнгийг тогтоодоггүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Иргэн байгаль орчны нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Тэгвэл энэ эрх хангагдахгүй бол яах вэ? Энд төрийн бодлого хэрэгжихгүй байна. Эрдэнэбүрэнгийн УЦС 50 гаруй жил яригдаж байгаа. УЦС барихыг иргэд эсэргүүцэж байгаа. Энэ иргэдийн байгаль орчны нөлөөллийн талаар мэдэх эрхийг хангаагүйтэй холбоотой. Энэ эрхийг хангах гэж хоёр компани 500 сая төгрөгөөр үнэлгээ хийсэн. Гэтэл газар дээрээ иргэдийн мэдэх эрхийг хангасан уулзалт хийгээгүй. Баян-Өлгий аймгийн иргэдийн нөхөн олговрыг их тогтоосон хэрнээ Увс, Ховдынхныг бага тогтоосон. Үүнийхээ үндэслэлийг тайлбарлаагүй. Ийм байдлаас болоод иргэд эсэргүүцэж байна. Хэрвээ иргэдийн мэдэх эрх хангагдсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Иргэдийн мэдэх эрхийг хангаагүй компаниудад ямар хариуцлага тооцох вэ? Үүнийг яаж шийдэх вэ?
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны удирдлагын газрын дарга А.Энхбат: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа учраас иргэдэд маш тодорхой тайлбарлах ёстой. Сөрөг нөлөөлөл, бууруулах арга зам, зарцуулах хөрөнгийг тодорхой хугацаа, төлөвлөгөөтэйгээр танилцуулахыг шаардсан. Багийн нийтийн хурлаар санал авч ажиллахыг бид мэргэжлийн байгууллагаас шахдаг. Орон нутгийн дэмжлэг аваагүй төсөл хэрэгжих боломжгүй. Одоо нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой асуудал тулгамдаж байна. Үүнийг шийдчихвэл төсөл эхлэх шат руугаа орно.
Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авснаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн 60.4 хувь нь дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ