Х.Баттулга: Ардчилсан нам энэ цагаас эхлэн сэргэнэ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар АН-ын даргад нэр дэвшиж буй. Тэд өнөөдөр намын туг, дүрмээ гардан авлаа. Үүний дараа Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, 21 аймгийг тойрохоор замдаа гарч байна. Тэд уулзалтаа Хэнтий аймгаас эхэлж, 04 дүгээр сарын 07 хүртэл намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзах аж.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Энэ цагаас эхлэн Ардчилсан нам сэргэнэ. АН-ын даргын сунгаа бол АН-ын асуудал биш. Энэ бол цаашид Монгол Улс парламентын засаглалтай, ард түмэн парламентын гишүүдээ сонгодог сонгодог парламент байх эсэхийг шийдэх сунгаа. Төрийн гурван өндөрлөг нэг намынх, парламент хэт олонхтой байх нь ямар байгааг бид амьдралаа мэдэрч байна. Тиймээс АН парламентад тодорхой оролцоотой суух эсэхийг шийдэх сунгаа учраас өөрийгөө сойж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Намаа нэгтгэж, хүчирхэг АН болгох зорилготой. Ялдаг АН байх ёстой. Ард түмний хүсэн хүлээсэн хүчирхэг улс төрийн хүчин болгох зорилготойгоор нэр дэвшиж байна.
Өнгөрсөн 32 жилийн түүхэнд АН олонх болж байгаагүй. Тиймээс би ялж, олонх болохын төлөө явна. Ялахын тулд анхан болон дунд шатны намаа бэхжүүлж, эрх мэдлийг тэнд аваачиж, ард түмний хүсэн хүлээсэн нэр дэвшигчдийг илгээнэ. Тэр хэрээр УИХ-д олон асуудал авна гэсэн итгэл үнэмшилтэйгээр нэр дэвшиж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ