Хөгжлийн банкны зээл олгосон болон авсан долоон хүнийг цагдан хориод буй. Тэдний нэг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Ариунболд шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж буй талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиас өөр хуульд заасан үндэслэлээр хүнийг цагдан хорьж болдоггүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан гэх нотлох баримтыг үндэслэн Н.Мөнхбатыг 30 хоногийн хугацаанд баривчлан хорих шийдвэрийг гаргасан. Энэ бол хүнийг хууль бусаар хорьсон үйлдэл, Үндсэн хууль зөрчиж байна.
Ямар буруутай, ямар хууль бус үйл ажиллагаа явуулснаа мэдэх боломж олгохгүйгээр Н.Мөнхбатыг цагдан хорьсон нь Үндсэн хууль, хүний эрхийг зөрчиж байна.
АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын албан тоотоор хүмүүсийг хориод байвал хэнийг ч дуртай үедээ цагдан хорих нөхцөл байдал үүсэх гээд байна. Тиймээс өмгөөлөгч нар энэ асуудлыг ХЭҮК, хүний эрхийн олон улсын байгууллагууд, шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүхэд хандаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг "Эрдэнэс Монгол" төрийн өмчит компанид 170 орчим тэрбумын зээл олгосон гэсэн үндэслэлээр буруутгаж, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |