Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Украинд байгаа монгол иргэдийг татан авах асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Манай улсын 68 оюутан Украинд суралцаж байна. Мөн олон улсын байгууллагад ажилладаг болон Украин иргэнтэй гэр бүл болсон 22 монгол иргэн тогтмол оршин сууж, амьдардаг. Тэд эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй. Харин 68 оюутантай сарын өмнөөс ГХЯ харилцаж, нөхцөл байдлаас шалтгаалан оюутнууддаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн.
Өнөөдрийн байдлаар 41 оюутан эх орондоо ирээд байна. Одоо төгсөх курсын болон хэлний бэлтгэлд сууж байгаа 27 оюутан Украин улсад байна. Тэд эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан.
ГХЯ нөхцөл байдал хүндэрвэл оюутнуудаа хэрхэн татан авах талаар эрсдэлийн төлөвлөгөө гаргаж, ажиллаж байна. Одоо нисэх буудлууд ажиллахгүй, олон улсын нислэгүүд цуцлагдсан байгаа. Бид эхний ээлжинд Франкпурт-Истанбулын нислэгээр оюутнуудаа татан авахаар суудал захиалж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зардал мөнгөний асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Нислэг цуцлагдсан тохиолдолд машинаар Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна. Мөн ойр орчмын улсуудад онгоц буух зөвшөөрөл өгвөл МИАТ-ийн онгоц явуулах хувилбарыг тооцоолж байна” гэсэн мэдээллийг өглөө.